Хүчирхийллийн эсрэг “Эмэгтэйн кейс”

0
24758

Хаалттай хаалганы цаана юу өрнөж байна вэ. Та мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрч байгаа юм биш биз.  Сүүлийн үед нийгэмд  хүчирхийлэл ихээр гарч байгаа нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлж байгаа билээ. Тэгвэл нийгэм,олон нийтэд цочрол өгч, бүтээлээрээ хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөж найруулагч Д.Галбаяр өөрөө зохиолоо бичиж найруулсан “Эмэгтэйн кейс” кино бүх кинотеатруудаар гарч эхэллээ.

Найруулагч Д.Галбаярын хувьд энэхүү уран бүтээл нь түүний дэлгэцийн 14 дахь бүтээл юм.  Тэрбээр, “Өнөөдөр бидний амьдарч буй нийгэм маш харгис болж байна.  Хүний ёс суртахуун  гэж байхгүй болж байна. Гудамжинд зүгээр өнгөрч чадахгүй муудалцдаг болжээ. Тиймээс “Эмэгтэйн кейс” киногоор болж бүтэхгүй байгаа бүхнийг дотроос нь хагалж, үзэгчдэд цочирдом үйл явдлыг харуулж, өнөөгийн нийгэмд бид юу рүү тэмүүлж байна вэ гэдгийг хараасай гэсэн үүднээс хийсэн” гэв.

Киноны гол дүрийг жүжигчин Т.Хулан, Т.Бархүү, А.Цэгмэд, А.Батнямбуу нар амилуулжээ. Нээлтийн үеэр гол дүрийн жүжигчин Т.Хулан, “Бид энэхүү киногоороо хүчирхийллийг сурталчлах бус тэрний эсрэг зоригтой тэмцдэг байгаасай. Хайраар дүүрэн нийгмийг бүтээх юмсан гэж зорьж энэ киног бүтээлээ” гэсэн юм.

Сэтгэлзүйч мэргэжилтэй Уянга бүсгүй нэгэн ток шоуны ярилцлагад орох үеэр үзэгчдийн зүгээс санал ирдэг. “Түр хамгаалах байр” буюу хүчирхийлэлийн эсрэг төвд түр хугацаагаар ажиллах явдал байлаа. “Түр хамгаалах байр”-нд ирээд Уянга хүчирхийллийн олон кэйстэй танилцдаг. Түүний анхаарлыг хамгийн ихээр татсан нь 78 настай Хажид хэмээх эмгэн. Хажид эмгэн төрсөн хүүдээ байнга зодуулж дарамтлуулдаг бөгөөд тэр бүрдээ хамгаалах байран дээр ирдэг байлаа. Ингээд Уянга Хажид эмгэнтэй ажиллахаар шийдэн түүнд туслаж эхлэнэ. Гэвч энэ шийдвэр нь Уянгийг санаанд оромгүй үйл явдал руу түлхэж орхидог…

Дашрамд дурдахад киноны сэдэв нь хүнд төрлийнх учраас 16-гаас дээш насныхан үзэх боломжтой юм байна.