“ОНДО”-г бүтээсэн олон ашиг сонирхол

0
2786

Харилцаа холбооны зохицуулах хороо Б.Балгансүрэн гэж даргатай байлаа. Байлаа ч гэж өдгөө үүрэн холбооны отгон оператороор тодорч эхэлсэн “ОНДО”-гийн дэд захирал. Бараг түүнд зориулж, тусгайлан гаргасан албан тушаал. Гэдэг нь хуулиараа үүрэн холбооны оператор үйлчилгээ эрхлэхэд гурван заалтад үндэслэж зөвшөөрөл олгодог бол “ОНДО”-гийнх бусдаасаа ондоо. Хуульд холбогдох дүрэм журамд нь огт байхгүй заалт бүхий онцгой эрх эдэлж тусгай зөвшөөрлөө авсан байдаг юм. Үүнийг нь нэгэн цагт Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын албатай явсан Б.Балгансүрэн гардан зохион байгуулж, гавьяа байгуулсан учраас отгон оператор компанид дэд захирал болоод дэвшчихсэн суугаа хэрэг.

Үүгээр зогсохгүй Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэнгийн хүү Баттүшиг “ОНДО”-гийн хуулийн ерөнхий зөвлөхөөр ажилладаг юм билээ. Аав нь Дээд шүүхийн ерөнхий шүүгч хүртэлх өндөр албан тушаал хашиж байсан болохоор хүү нь аль нэг компанид ажиллаж болохгүй гэсэн хууль мэдээж байхгүй. Гэхдээ Харилцаа холбооны зохицуулах хорооноос ганцхан компанид зориулсан “тусгай заалт” гаргаж зөвшөөрөл олгосон асуудал шүүхийн шатанд яваа энэ цаг үед 2012 оноос хойш дээд байгууллагынх нь шүүгчээр ажиллаж байгаа хүний хүүхэд хуулийн зөвлөхөөр ажиллаж буй нь ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй гэсэн баталгаа үгүй. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар шүүхийн шийдвэрт нөлөөлөх магадлал нь өндөр. Хамгийн сүүлд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан Н.Мандуулыг тус компанийн ерөнхийлөгчөөр томилсныг мөн л зарлалаа.

Хувийн хэвшил хэнийгээ, хаана, хэрхэн томилох нь мэдээж тухайн компанийн дотоод асуудал. Гэхдээ ШӨХТГ-ын дарга асныг ерөнхийлөгчөөр, Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын албатай явсан нэгнийг дэд захирлаар, Дээд шүүхийн шүүгчийн хамаарал бүхий этгээдийг хуулийн зөвлөхөөр дэргэдээ авчирч, ажиллуулж буй нь бизнесийн зарчим, хувь хүмүүсийн ёс зүй талаасаа байж болох асуудал мөн үү? гэвэл биш. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг зохицуулах чиг үүрэгтэй тэр хэрээрээ төрийн нэрийн өмнөөс мэдээлэлд хамгийн ойр явсан хоёр ч тохируулагч агентлагийн гүйцэтгэх удирдлага нь нэг компанид, нэг малгайнд удирдах албан тушаал хашиж яваа нь бүр ч байж болохгүй асуудал. Эсвэл онцгой эрхээр тусгай зөвшөөрлөө гаргуулсан шигээ олон ашиг сонирхлыг ч багтааж чаддаг нь “ОНДО”-гийнхны бүтээж буй бизнесийн үнэт зарчим нь хэрэг үү?!