“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” чуулган боллоо

0
598

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд нийслэлийг бүсчилж хөгжүүлэх шийдэл гаргалгааны талаар хэлэлцэхээр  “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” чуулганыг өнөөдөр  зохион байгууллаа.

Чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулав. Тэрбээр “Нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчидтай өнгөрсөн нэг сарын хугацаанд уулзсан. Харин өнөөдөр  сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж байна. Сүүлийн 30 жилд хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс даац хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлоготой холбоотойг Ерөнхий сайд илтгэлдээ дурдлаа.

Улсын Их Хурлын сонгуулийг  энэ жил анх удаа бүсчилсэн тойргоор явуулахаар болж, Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ форум Улсын Их Хурлын сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мөн мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах тал дээр чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хорооны Засаг даргад төсвийн эрх мэдэл байхгүй. Хуулиар эрх мэдлийг нь нэмэгдүүлж, төсөв захиран зарцуулах эрх олгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсныг Ерөнхий сайд мөн илтгэлдээ дурдсан юм. 

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Иргэд анхан шатны төрийн үйлчилгээг хорооноосоо төдийлөн авч чаддаггүй. Тухайлбал, Улиастайгаас Баянзүрх дүүрэг, Яармагаас Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү явж байх жишээтэй. Бид 1992 оны социализмын үеийн бүтцээ өөрчлөх цаг болсон. Иймд төрийн үйлчилгээг шуурхай авах боломжоор хангах үүднээс нийслэлийн есөн дүүргийг 42 нэгжид хуваах шинэчилсэн төлөвлөгөөг боловсруулсан. Өөрөөр хэлбэл, иргэд заавал хотын төв орох шаардлагагүйгээр тухайн хороо, дүүргээсээ шаардлагатай төрийн үйлчилгээг авах боломжоор хангана гэсэн үг. Ингэснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, улсын бүртгэлээс эхлээд бусад төрийн байгууллагаас авдаг үйлчилгээг иргэдэд ойртуулна.  Тухайлбал, хороон засаг даргад төсвийн  болон бусад  эрх мэдлийг  нь олгож, аливаа асуудлыг дээшээ дамжуулах бус  тухайн шатандаа шийдвэрлэдэг болно” гэсэн юм. 

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийн асуудлыг чуулганы хүрээнд хэлэлцлээ. Улаанбаатар хотод нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг. Гэр хорооллын бүс нягтрал багатай, төвдөө төвлөрөл ихтэй. Гэр хороолол орон сууцны бүсээс 3 дахин их талбайг эзэлдэг. Иймд гэр хорооллын бүсэд 6 дэд төвийг бүсчилсэн байдлаар, шат дараатай хэрэгжүүлж байна. Энэ дэд төвийн хүрээнд инженерийн байгууламжийг хэрхэн бий болгох, дэд бүтцийн байгууламжид тулгуурласан хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байгаа юм. Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын хувьд хоёр нь бүрэн дууссан бөгөөд орон сууцны төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. Баянхошуу дэд төвд 162 га талбарт эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, ногоон орон сууцны төслийг голчлон хэрэгжүүлж эхлээд байна” гэсэн юм.

Чуулганаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцчилал, дагуул хот”, “Засаглал, хууль эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Эдгээр сэдвүүдийн хүрээнд тулгамдаж буй асуудал, боломж, шийдлийн талаар ярилцахаар төр, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, эрдэмтэн, судлаачид уг арга хэмжээнд  оролцож байна.