“Авлигын барьцааг ард түмэн ирээдүйгээрээ, улс орон хөгжил дэвшлийн боломжоороо төлдөг”

0
4152

-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, авлига, албан тушаалын гэмт хэргийн ялыг чангарууллаа-

УИХ-аас Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталлаа. Эрүүгийн хуулийн 22.1 буюу “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах” хэсгээр улстөрчид ял наймаалцдаг, хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлж байгааг иргэдийн зүгээс шүүмжилсээр ирсэн. Гэвч бүх шатанд өнөөх л авлига, хүнд суртал, албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлэх үйлдэл амь бөхтэй оршсоор, Монгол Улс авлигын индексээр 180 орноос 110-т бичигдсээр, ард иргэдийн амьдрал туйлдаж, бухимдал нь нүүрсний хулгай, авлигыг эсэргүүцсэн жагсаалд хүргэсэн. Үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналтаас үүдэлтэй иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтож байхад улстөрчид асар их баялгаар гараа угааж, ханаж цадахаа мэдэхгүй “идэж ууж байна” гэдэг нь угаас бухимдал төрүүлэхээс өөр аргагүй.

Харин одоо итгэл найдвар төрж байна. УИХ, Засгийн газар анх нүүрсний хулгайг хөндөж, иргэдийн жагсаал буухиалж, УИХ-аас үндэсний аюулгүй байдал, хүний эрх, парламентат ардчиллаа бататгах зорилгоор хуулийн шинэчлэл өөрчлөлт хийж, авлигач албан тушаалтнуудад хатуу хариуцлага хүлээлгэж, ялыг чангатгалаа.

Монголын төр энэ асуудалд анхаарч, нүүрсний хулгайг таслан зогсоох, буруутай хүмүүст хатуу хариуцлага тооцох арга хэмжээнүүд авч эхэлсэн нь зөв алхам юм. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл, тэр дундаа 22.1 дэх заалтыг өөрчилж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн ялыг чангаруулах чиглэлийг Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн байнгын хороонд өгснөөр хуульд өөрчлөлт оруулах эхний алхам хийгдсэн. “Авлигын барьцааг ард түмэн ирээдүйгээрээ, улс орон хөгжил дэвшлийн боломжоороо төлдөг гэдгийг мартаж болохгүй” хэмээн сануулсан Спикерийн үүрэг чиглэлийг Засгийн газар ч шуурхай ажил хэрэг болгож, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аас баталлаа. Энэхүү өөрчлөлтөөр авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй, өршөөл уучлал үзүүлэхгүй, эрх хасах ялыг 20 хүртэл жилээр оногдуулж, төрийн албаны удирдах албанд бүх насаар  нь ажиллуулахгүй, УИХ-ын гишүүн бүрэн эрхийн ард нуугдах боломжгүй болно гэх мэт өөрчлөлтүүд орж буй. Массын хүсэн хүлээж буй хариуцлагын тогтолцоо, ялын хатуу бодлого гэж хэлж болно.

Хууль батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Авлигын гэмт хэргийн хор уршгийг нийт нийгэм даяараа төлдөг. Авлига нь төрд итгэх итгэлийг алдагдуулж, ардчиллыг доройтуулж байна. Өнөөдрийн баталсан энэ хууль авлигатай тэмцэхэд томоохон алхам болно гэдэгт итгэж байна. Энэ хуулиар, халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолох зохицуулалтыг тусгалаа. Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй байхаар болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга болон үүн дээр нэмээд хамгийн их хардлага дагуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байхаар хуульчиллаа. Түүнчлэн эдгээр албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар болсон. Сүүлийн жилүүдэд иргэд, олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулсан асуудал нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан этгээдүүд асар их хохирол учруулчихаад 40 сая төгрөг төлөөд өнгөрч байна гэх явдал байсан. Хуулиар энэ асуудлыг шийдвэрлэж,  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт торгох ялыг оногдуулахгүй байхаар зохицууллаа. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заасан” хэмээн онцолсныг энд дурдая.

Ийнхүү авлига, албан тушаалын гэмт хэрэгт буруутай хүмүүст тооцох хариуцлага, ялыг чангалсан нь цаашид энэ төрлийн гэмт хэрэг буурах, бүр таслан зогсоох үр дүнд хүрнэ гэж итгэж байна.