Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Barimt.mn
Өчигдөр

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.16)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 онд төсвийн тодотголыг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Гадаад, дотоод бас олон хүчин зүйлийн нөлөөгөөр энэ онд бас манай улсын инфляц сүүлийн саруудад огцом өсөж, есдүгээр сарын байдлаар 12.0 хувьд хүрлээ. Энэ эгзэгтэй цаг үед Засгийн газраас өөрсдөө бүсээ чангалж, төсвийнхөө урсгал зардлаас 1.4 их наяд төгрөгийг танаж, харин үүнийг иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах, эрчим хүчний бэлтгэлийг хангах, үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээнд зарцуулах боломж олгох зохицуулалтыг өргөн барьсныг Улсын Их Хурал өнөөдөр баталлаа. Мөн цаг хугацаандаа багтаан бид баталж чадсаныг хэлье.

Онцлох зохицуулалтаас хэлэх юм, өнгөрөгч хаврын чуулганаар бидний баталсан тэтгэврийн багц хуулиудын хэрэгжилтийг 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр байсан бол энэ оны 11 дүгээр сарын 01-нээс болгон нааш нь татаж, ахмадууддаа суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Нийтдээ 435 мянган ахмадын тэтгэвэр 11 дүгээр сарын 01-нээс эхлээд 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх төсвийн тодотголыг баталлаа.

Мөн салбар хоорондын цалингийн зөрүүг арилгаж, 11 дүгээр сарын 01-нээс цалингийн өсөлтийг 50 хувьд хүргэж жигдрүүлэх, нэмэгдүүлэх боллоо.

Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын цалинг 20.0 хувь, соёл, спорт, цаг уур зэрэг төрийн үйлчилгээний бусад салбарын ажилчдын цалинг 50.0 хувиар нэмэгдүүлэхээр боллоо.

Дараагийн чухал асуудал бол эрчим хүчний асуудал. Ирэх өвөл хөлдөх үү, зутрах уу, даарах уу, эрчим хүчний дутагдалд орох уу гэдэг асуудал бидэнд тулгарсан. Үүнээс урьдчилан сэргийлж эрчим хүчний найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг хангаж өвөл гал алдахгүй, байх, хамгийн гол нь иргэдийн цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй байж, эдгээрийг шийдэхэд зориулж 186 тэрбум төгрөг баталсан төсвийн тодотголыг бид хийлээ.

Энэ жил үнийн өсөлтөд хамгийн их нөлөөлж буй бүтээгдэхүүн бол мах, гурил, төмс, хүнсний ногоо байлаа. Эдгээр бүтээгдэхүүний одоо үнийн өсөлтөөс сэргийлэх, стратегийн нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгахад 140 тэрбум төгрөг хуваарилж, төсвийн тодотголд суулгалаа.

Мөн автобензин, дизелийн түлшний Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн татвар, Онцгой албан татварыг тэглэлээ. Үүнийг үргэлжлүүлж, үнийг тогтоон барих хамгийн боломжтой арга хэмжээг авлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тэтгэвэр 11 дүгээр сарын 01-нээс одоо 26.0 хувиар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, сард 600 мянган төгрөг болно. Асаргааны тэтгэмжийг 12.0 хувиар нэмэгдүүлж 370 мянган төгрөг болгож байна. Эдгээр нэмэгдэлд давхардсан тоогоор 170 гаруй мянган иргэн хамрагдана. Үүнийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан санаачилж, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун идэвхтэй оролцож батлууллаа. Эдгээр гишүүд маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төлөөлж, Улсын Их Хуралд тэдний дуу хоолойг маш тод илэрхийлж, идэвхтэй ажиллаж байгааг энд онцолж хэлье.

Иргэдийнхээ нуруун дээрх ачааг багахан ч болов хөнгөлөх, орлого, амьжиргааг хамгаалах шийдвэрийг та бид хамтдаа цаг алдалгүй гаргалаа. Төсвийн тодотголыг батлахад идэвхийлэн оролцсон ажлын хэсгийн ахлагч, Төсвийн байнгын дарга Н.Наранбаатар болон ажлын хэсгийн гишүүд, Улсын Их Хурлын нийт гишүүд, Тамгын газрын ажилтнууддаа баярлалаа.

Улс орны эдийн засаг, нийгмийн өмнө, ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэхэд Улсын Их Хурлаас баталсан төсвийн тодотгол тодорхой үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна.

Монгол Улсын 2026 оны төсвийг үр дүнтэй, ард иргэддээ өгөөжтэйгөөр хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллах ёстой гэдгийг сануулж хэлье.

Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 11 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл би… 11 цагийн өмнө
Төрийн худалдан авах ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох асуудл… 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөлтэй уулзлаа Өчигдөр
Л.Энх-Амгалан: 2027 онд 6, 7-р ангийн 140 мянган сурагчийг “Үдийн хоол… Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэм… Өчигдөр
М.Отгонцэцэг: Бид натурал, массажаар, үүдэл эсээр гэрэлтсэн, үрчлээгүй… 2026/11/12
Энэ улирлаас эхлэн нэгдүгээр ангийн сурагчдад сэтгэл хөдлөлийн хичээл … 2026/11/12
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгд… 2026/11/11
ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов 2026/11/11
УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, И… 2026/11/10
УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр … 2026/11/10
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итг… 2026/11/09
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжил… 2026/11/09
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору… 2026/11/06
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэл… 2026/11/05
Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээ… 2026/11/05
Гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.долларт хүрлээ 2026/11/05
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчийг … 2026/10/28
Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв 2026/10/23