Л.Энх-Амгалан: 2027 онд 6, 7-р ангийн 140 мянган сурагчийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулна

Barimt.mn
Өчигдөр

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 341 мянган сурагчид үдийн хоол өгч байна. Бага ангийн сурагчдад өгөх үдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлдэг. 2026 оны аравдугаар сарын гүйцэтгэлээр үүнд 106 тэрбум төгрөг зарцуулжээ. Ирэх оны нэгдүгээр сараас бага ангийн хүүхдийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 3,500 төгрөг болгохоор төлөвлөсөн бөгөөд үүнд нийт 244.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусгажээ.

УИХ-ын чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Т.Мөнхсайхан гишүүний тавьсан дунд, ахлах ангийн сурагчдын үдийн хоолны талаарх асуулгын хариуг хэлэлцлээ. Асуулгын хариуг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулж, үдийн хоолны үйлчилгээтэй холбоотой зарим хүндрэл байгааг онцоллоо. Тухайлбал: Хүний нөөц, ур чадвар дутмаг, хүнсний хангамж, чанар, аюулгүй байдлыг хангах, стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж бүхий гал тогоог бүх сургуульд ажиллуулахад бэрхшээл тулгарсаар байгаа аж. Эдгээр бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр КОЙКА, ЖАЙКА зэрэг олон улсын байгууллага болон хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байгаа гэнэ.

Дунд болон ахлах ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулахтай холбоотой улсын хэмжээний нэгдсэн зохицуулалтыг 2027 оноос эхлэн хэрэгжүүлэх юм байна. Ирэх онд цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны түүхий эдийн зардалд 144 тэрбум төгрөг нэмж тусгажээ. Төсөв хэлэлцэх үеэр 6, 7 дугаар ангийн 137 мянган хүүхдийн үдийн хоолны зардалд нэмэлтээр 50 тэрбум төгрөг тусгах санал гаргаснаар нийт 194 тэрбум төгрөгийн санхүүжилт яригджээ. Зарим аймаг, орон нутаг өөрсдийн төсвийн хүрээнд дунд, ахлах ангийн 22 мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилж байгаа аж. Тухайлбал: Өмнөговь, Дорноговь, Завхан, Ховд аймаг долоо хоногийн таван өдөр дунд, ахлах ангийн хүүхдүүдэд халуун хоолоор үйлчилж, орон нутгийн төсвөөс нийт 1.4 тэрбум төгрөг зарцуулж байна.

Түүнчлэн “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг 18 аймаг болон нийслэлийн 520 сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлж байна. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхэд бүрийг цэвэр усаар хангах зорилгоор “Эрдэнэт-Үйлдвэр”-ийн дэмжлэгтэйгээр “Амин ус” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.

Боловсролын яам дунд, ахлах ангийн хүүхдүүдийг үдийн хоолоор үе шаттай хангах дунд хугацааны төлөвлөлт боловсруулж, 2026 оны тавдугаар сард Улсын Их Хурлын 28 дугаар тогтоол батлуулсан байна. Уг тогтоолоор 2029 он гэхэд дунд ангийн сурагчдыг, 2030 он гэхэд ахлах ангийн сурагчдыг үдийн хоолоор бүрэн хангахаар тусгажээ. Дунд болон ахлах ангийн сурагчдыг үдийн хоолоор үе шаттай хангахад нийт 218 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатайг Л.Энх-Амгалан сайд танилцууллаа. “Энэ бол зөвхөн хоолны түүхий эдийн зардал юм. Цаашид зөвхөн үдийн хоолны түүхий эдийн зардлын санхүүжилтийг төсөвт тусгах нь учир дутагдалтай байгаа тул нэг хүүхдэд хүрэх хоолны үйлчилгээг бүрэн өртгөөр тооцож, санхүүжүүлэх шаардлагатай байгаа. Ерөнхий боловсролын бүх сурагчийг үдийн хоолоор хангахад дан ганц улсын төсвөөр санхүүжүүлэх боломжгүй. Олон талт эх үүсвэр бий болгох, хоолны үйлчилгээний үр ашгийг тооцох, орон нутгийн нөөц бололцоо болон эцэг эхийн дэмжлэгт тулгуурлах, хүнс хангамжийн нэгдсэн тогтолцоог төр-хувийн хэвшлийн түншлэлээр зохион байгуулах бодлогыг хэрэгжүүлэхээр судалгаа хийж байна. Үүнтэй холбогдуулан School Meals Coalition (Дэлхийн сургуулийн хоолны эвсэл)-тэй хамтын ажиллагаа эхлүүлж, бусад улсын сайн туршлагыг судалж байна” гэв.

Бүх хүүхдэд хоол өгөхтэй холбоотойгоор хоол тэжээлийн тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд тохирсон орц, найрлага бүхий хоолоор үйлчлэх ажлыг эхлүүлээд байгаа аж. Цаашид сурагч бүрийг нас, биед нь тохирсон хоолоор хангах чиглэлээр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоог бий болгох зорилт дэвшүүлж, Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн төв байгуулжээ.

2027 онд хүүхдийн үдийн хоолонд 200 гаруй тэрбум төгрөг төсөвлөжээ. 6, 7 дугаар ангийн 140 орчим мянган сурагчид нэмж хоол өгөх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 11 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл би… 11 цагийн өмнө
Төрийн худалдан авах ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох асуудл… 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөлтэй уулзлаа Өчигдөр
Л.Энх-Амгалан: 2027 онд 6, 7-р ангийн 140 мянган сурагчийг “Үдийн хоол… Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэм… Өчигдөр
М.Отгонцэцэг: Бид натурал, массажаар, үүдэл эсээр гэрэлтсэн, үрчлээгүй… 2026/11/12
Энэ улирлаас эхлэн нэгдүгээр ангийн сурагчдад сэтгэл хөдлөлийн хичээл … 2026/11/12
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгд… 2026/11/11
ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов 2026/11/11
УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, И… 2026/11/10
УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр … 2026/11/10
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итг… 2026/11/09
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжил… 2026/11/09
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору… 2026/11/06
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэл… 2026/11/05
Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээ… 2026/11/05
Гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.долларт хүрлээ 2026/11/05
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчийг … 2026/10/28
Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв 2026/10/23