Төрийн худалдан авах ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв

Barimt.mn
13 цагийн өмнө

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал (2006-2026) сэдвээр Ерөнхий хяналтын сонсгол ирэх сарын 15-16-ны өдрүүдэд болох бөгөөд тус сонсголын бэлтгэл ажлын хүрээнд “Төрийн худалдан авах ажиллагаа (2006-2026 он)” сэдэвт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.

Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий хяналтын сонсголын даргалагч М.Ганхүлэг хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал (2006-2026 он)” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг Улсын Их Хурлын 37 гишүүний санаачилгаар зохион байгуулахаар болсныг дурдав. Энэхүү Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах, бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, П.Ганзориг, Х.Жангабыл, Л.Мөнхбаясгалан, М.Нарантуяа-Нара, Ч.Ундрам нар ажиллаж байгаа юм.

Ерөнхий хяналтын сонсгол нь 20 жилийн хугацаанд улсын төсвөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хамарч байгаа учраас ажлын хэсгээс урьдчилан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Төрийн худалдан авах ажиллагаа нь маргаантай, олон тооны өргөдөл, гомдол дагуулдаг болохыг гишүүн дурдаад “Засаж сайжруулах асуудал олон байгаа учир хэлэлцүүлэг, холбогдох Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн. Ажлын хэсэг энэ хугацаанд нийтдээ 141 байгууллагад 2006 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд зарласан тендерүүд, тэдгээрт оролцсон болон шалгарсан төсөл, арга хэмжээ, холбогдолтой мэдээллийг ирүүлэх чиглэл хүргүүлсэн. 11 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд бүх байгууллага мэдээллээ ирүүлсэн байх ёстой ч 53.2 хувь нь мэдээлэл ирүүлжээ" гэлээ. Тэрбээр мэдээлэл ирүүлэх чиглэл авсан байгууллагууд хууль тогтоомж биелүүлэх үүрэгтэйг сануулж, Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсголын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсэв.

photo_2026-11-17_12-45-49.jpg

Улсын төсвийн хөрөнгө оруулалт, төсвийн ерөнхийлөн захирагч нарын зохион байгуулсан тендерүүд болон төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, компаниудын тендерүүдтэй холбоотой мэдээллийг сонсож, хэлэлцсэн өнөөдрийн (2026.11.17) хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан ажиллалаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа, бодлогын хэрэгжилтийн талаар Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга З.Энхболд танилцууллаа. Тэрбээр худалдан авах ажиллагааны эрх зүйн орчны талаар мэдээлэл танилцуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталж, нийт 37 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан аж. Тэдгээрээс 2011, 2019, 2022 онд орсон нэмэлт, өөрчлөлтүүдийн онцлох зохицуулалтуудын талаар З.Энхболд дарга дэлгэрэнгүй танилцуулсан юм. 2006 оноос яамд тендер зохион байгуулсаар бодлогын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан учир 2013 оноос Төрийн худалдан авах ажиллагааны газрыг байгуулж, Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгуулжээ. Тус байгууллага нь худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын чиг үүргийг гүйцэтгэх ба аймаг, нийслэл, дүүрэгт худалдан авах ажиллагааны нэгжтэй бүх аймагт нэгжтэйгээр зохион байгуулжээ. Үргэлжлүүлэн тендерийг шуурхай зохион байгуулахтай холбоотой эрх зүйн өөрчлөлтүүдийг хийж, 2019 оноос tender.gov.mn цахим системийг нэвтрүүлж, холбогдох үйл ажиллагааг бүрэн цахимжуулсан байна. Үргэлжлүүлэн тэрбээр өдгөө худалдан авах үйл ажиллагааны бодлого, зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

photo_2026-11-17_12-45-46.jpg

2006-2026 оныг хүртэлх улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжсэн худалдан авах ажиллагааны санхүүжилтийн дүнгүүдийг танилцуулав. 2006 онд 133 тэрбум төгрөг байсан бол 2022 онд 1.5 их наяд төгрөг болжээ. Сангийн яамнаас төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын PIMIS систем хөгжүүлснээр 2023-2026 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний гэрээ, гүйцэтгэгч, санхүүжилтийн дүн, хэрэгжилтийн явц зэрэг бүх мэдээлэл нээлттэй болжээ. З.Энхболд дарга төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын PIMIS системийг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан. Ирэх оноос Сангийн яам тусламжийн гүйцэтгэлийг ил тод, нээлттэй байршуулах юм байна. Ингэснээр төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар мэдээллийг нэгдсэн удирдлага, цогц системээр, нэг цонхоор төлөвлөж, тайлагнаж, хэрэгжилтийг нь ил тод болгох боломжтой болж байгаа аж. Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа ч ташрамд дурдсан.

Үргэлжлүүлэн тэрбээр 2006-2026 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн талаар, тухайлбал 2026 онд 14567 тендер шалгаруулалт зохион байгуулж, 9.8 их наяд төгрөгийн гэрээ байгуулах эрхийг олгоод байгаа талаарх мэдээллийг танилцуулсан. Үргэлжлүүлэн худалдан авах ажиллагааны журмуудын хэрэгжилтийг танилцуулахад 86 хувийг нь нээлттэй тендер шалгаруулалтын аргаар, 12 хувийг онцгой журмаар, 1 хувь нь бусад аргаар зохион байгуулсан байна. Сангийн яамнаас худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтыг холбогдох эрх зүйн орчны хүрээнд мэдээллүүдийг үе шаттайгаар ил тод болгож байгаа талаар, худалдан авах ажиллагааны хяналтын талаар, тендертэй холбоотой гомдол гаргах үйл явцын талаар мэдээлэл өгсөн.

Тендер шалгаруулалттай холбогдуулаад захиалагч, Монополын эсрэг газар, Сангийн яам, шүүхэд гэсэн дөрвөн байгууллагад гомдол гаргах боломжтой байдаг бөгөөд өнгөрсөн онд Сангийн яаманд 2284 гомдлыг ирүүлжээ. Үүнээс 1773 нь үндэслэлтэй хэмээн тогтоогдсон байна. 2024 онд тус яаманд ирүүлсэн 1755 гомдол үндэслэлтэй, 423 нь үндэслэлгүй болохыг тогтоожээ. Сангийн яаманд ирүүлдэг нийт гомдлын 70-80 хувь нь үндэслэлтэй байдаг аж. 2019 оноос бусад жил тендер шалгаруулалттай холбоотой гомдлууд тогтмол өсөлттэй байсан нь худалдан авах ажиллагааны тоо нэмэгдэж, гомдол гаргах эрхийг нээлттэй болгосонтой холбоотой хэмээн тайлбарласан.

Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 112 хуулийн этгээд бүртгэлтэй байгаа юм байна. Тендерт оролцохдоо илт худал мэдээлэл ирүүлсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй, сүүлийн 3 жилийн хугацаанд авлигын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон зэрэг үндэслэлээр дээрх бүртгэлд ордог байна. 112 хуулийн этгээдийн 74 нь гэрээний үүргээ биелүүлээгүй бол 38 нь илт худал мэдээлэл бүхий тендерийн мэдээлэл ирүүлсэн нь тогтоогдсон гэв. Танилцуулга, мэдээллийнхээ хүрээнд З.Энхболд дарга Төрийн худалдан авах ажиллагааны газрын зохион байгуулсан худалдан авах ажиллагааг нийслэл, 21 аймгийн түвшинд tender.gov.mn цахим системийн мэдээлэл түшиглэн танилцууллаа. Илтгэлийнхээ төгсгөлд П.Сайнзориг нарын Улсын Их Хурлын 27 гишүүний боловсруулж, өргөн мэдүүлээд буй Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийн гол зохицуулалт, шинэчлэлтийн талаар мэдээлэл өгсөн юм.

photo_2026-11-17_12-45-47 (2).jpg

Дараа нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул 2006-2026 оны худалдан авах ажиллагаа ба гүйцэтгэл, үр дүнгийн талаар мэдээлэл танилцууллаа. Тайлант хугацааны төсвийн талаарх суурь мэдээллийг өгсөн. 2006 онд нийт хөрөнгийн зардал 2209.7 тэрбум төгрөг байсан бол 2026 онд 8.4 их наяд төгрөг болсноор, 20 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын хэмжээ 40 дахин өссөн аж. Урсгал зардал 877 тэрбум төгрөг байснаа 2026 онд 26 их наяд төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт болон хөрөнгийн эх үүсвэрүүд нэмэгдэж байгаатай холбоотойгоор худалдан авах ажиллагааны тоо нэмэгдэж байгаа гэдгийг тайлбарласан. 2006-2017 оны хооронд төсвийн ерөнхийлөн захирагчдаас цаасан суурьтай тайлан, төлөвлөгөөг нэгтгэн боловсруулдаг байсан бол 2017 оноос цахим систем нэвтэрч, өдгөө төрийн 4000 гаруй байгууллага өдөр тутмын худалдан авах ажиллагаагаа явуулж байгаа гэлээ.

Тайлант 20 жилийн хугацаанд 83.2 их наяд төгрөгийн төсөвтэй 144302 төсөл, арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулжээ. 2023 оноос хуулийн шинэчлэлийн хүрээнд төрийн худалдан авах ажиллагааг хүний оролцоогүйгээр зохион байгуулах шинэчлэл хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Үүнтэй уялдуулан хууль тогтоомжийг өөрчлөхөөр ажиллаж байгаа гэв. Худалдан авах ажиллагааны цахим системийг ирэх оны I улирлаас үе шаттайгаар нэвтрүүлж эхлэх бөгөөд үр дүнд нь энэ төрлийн үйл ажиллагаанд гардаг алдааг 80 хүртэл хувиар бууруулах тооцооллыг хийжээ.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын ажлын жагсаалтыг улсын төсөв батлагдсанаас хойш Засгийн газар баталдаг байна. Тус байгууллага өнгөрсөн 13 жилийн хугацаанд 128 сургууль, 177 цэцэрлэг, 75 эмнэлэг, 99 дотуур байр, 70 соёлын төв, 153 замын төсө, 41 спорт заал, эрчим хүчний 30 төсөл, инженерийн шугам, сүлжээ 43, гүүрийн байгууламжийн 24 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж, хөрөнгө оруулалт нь хэрэгжиж байгаа аж.

2025 оноос Төрийн хэмнэлтийн тухай хуулиар батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгахаар заасан зохицуулалт хэрэгжиж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор 2025 онд 535.9 тэрбум төгрөгийг, 2026 онд 221.4 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцсон аж.

2026 онд Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан 93.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй тендер шалгаруулалт амжилтгүй болжээ. Тодруулбал, 24.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй тендер шалгаруулалтын бүрдэл дутуу учраас эхлээгүй бол 8.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй төсөл, арга хэмжээ шүүхийн маргаанаас шалтгаалан хэрэгжээгүй байна.

Үргэлжлүүлэн тэрбээр цаашид авах арга хэмжээний талаар холбогдох саналаа танилцуулав. Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний зах зээлийн судалгаа хийх; Бүрдэл дутуу төсөл, арга хэмжээг төлөвлөхгүй байх; Ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг яаралтай бэлэн болгох; Шалгуур үзүүлэлтийг бодитоор боловсруулах; Ашиглалтын хугацааны өртгөөр үнэлгээг хийх чанарын үнэлгээ хийх; Жил болгон зарладаг тендер шалгаруулалтын тоог бууруулах шаардлагын талаар тус бүрд нь дэлгэрэнгүй тайлбар, үндэслэлийг танилцуулсан.

photo_2026-11-17_12-45-47.jpg

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул үргэлжлүүлэн хэлэлцүүлэгт оролцогчдод худалдан авах ажиллагааны гүйцэтгэл үр дүнгийн талаар мэдээлэл өгөв. Цахим системийг шинэчлэн хөгжүүлснээр шийдвэр гаргалт тав дахин хурдан болж, төсөөллөөр энгийн тендер шалгаруулалтын хариу өдөртөө гарах боломжтой хэмээн тооцож байгаа аж. Цаашдаа систем хянах боломжтой байдлаар өгөгдөл буюу бүрдлийг авдаг болохоор шинэчлэл хийж байгаа аж. Мэдээллийн сангаас өгөгдлүүдийг систем таних боломжтойгоор бүрдүүлж, хиймэл оюунаар үнэлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж. Үргэлжлүүлэн тэрбээр мэдээллийн сангийн талаар, захиалагчийн бүртгэлийн талаар танилцуулж, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг, шийдлийн саналтай танилцуулсан. Төрийн худалдан авах ажиллагааны систем дээр өнөөдрийн байдлаар 30811 хуулийн этгээд оролцогчоор бүртгүүлсэн байгаа бөгөөд 2026 оны байдлаар 7000 орчим аж ахуйн нэгж тендер шалгаруулалтад оролцжээ. Тодруулбал, нийт тендер шалгаруулалт оролцогчдын 24 хувь нь тендер шалгаруулалтад идэвхтэй оролцож байгаа гэв. 899 гадаадын этгээд тендерт оролцогчоор бүртгүүлснээс 2026 онд 145 нь тендер шалгаруулалтад, оролцсон аж. Харин 1128 иргэн бүртгүүлсний 91 иргэн нь худалдан авах ажиллагаанд оролцсон талаар танилцууллаа. Цаашид оролцогчдын бүртгэлийг сайжруулах шаардлагатай байгаа талаар Ц.Батзул дарга дурдсан.

Улсын хэмжээнд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих үндэсний хөтөлбөрүүд зохион байгуулагдсан бөгөөд энэ хүрээнд бий болсон бараа, бүтээгдэхүүнээ төрийн худалдан авалтад оруулахад асуудал тулгарч байгаа тул дотоодод үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангаж бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд цахим системээс шууд худалдан авах боломжтойгоор байршуулаад байгаа гэлээ.

Цааш нь тэрбээр тендер шалгаруулалтыг зохион байгуулалтад оролцож буй хүний нөөцийн талаар, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх саналын хамт танилцуулсан. Түүнчлэн цахим системүүдийн мэдээлэл солилцоо, шийдвэрлэх асуудлын талаар нэгбүрчлэн танилцуулсан юм. Дараа нь цахим дэлгүүрийн талаар мэдээлэл танилцууллаа. Тус дэлгүүр нь барааг шууд бүртгэдэг систем бус, Ерөнхий гэрээний журмын дагуу шалгарсан нийлүүлэгчдийг оруулдаг тогтолцоо аж. Одоогоор 13 салбарын 500 гаруй нийлүүлэгчийн 1142 нэр төрлийн бараа, үйлчилгээгээр жилд 17 мянга орчим захиалга, 184 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгдэж байгаа аж. Цаашид нийтлэг хэрэглээний бараанд нэгдсэн стандарт тогтоож, шаардлага хангасан бүтээгдэхүүн, дотоодын үйлдвэрлэгчид болон албан ёсны дистрибьютерүүдийг цахим дэлгүүрт өргөн хамруулснаар төрийн байгууллагууд ижил барааг нэг стандарт, зохистой үнээр худалдан авах нөхцөл бүрдэнэ хэмээлээ. Ингэснээр төрийн худалдан авалт илүү хурдан, хэмнэлттэй, үр ашигтай болох боломжтой хэмээн Ц.Батзул дарга танилцуулсан.

Төгсгөлд нь тэрбээр эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Улсын Их Хурлын 27 гишүүний боловсруулж, өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тендер шалгаруулалтад дундаж үнийн арга нэвтрүүлэх, хамгийн бага үнийг бус чанар, ашиглалтын өртгийг хамтатган үнэлэхээр тусгасан болохыг онцлон тайлбарлалаа. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдийн бүрдүүлэх материалыг 80 хүртэл хувиар бууруулж, тендерийн баталгааны шаардлагыг хөнгөлөн оролцоог нэмэгдүүлэхээр зохицуулалт туссан гэв. Үндэсний үйлдвэрлэгчдийн стандарт хангасан барааг цахим дэлгүүрт шууд бүртгэх, зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, гүйцэтгэлийн чанарыг даатгалын тогтолцоотой уялдуулан хянах шинэ зохицуулалтууд төсөлд тусаад байгааг хэлэлцүүлэгт оролцогчдод Ц.Батзул дарга танилцууллаа.

photo_2026-11-17_12-45-47 (3).jpg

Хэлэлцүүлгийн дараагийн мэдээллийг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын ерөнхий инженер З.Энх-Оргил танилцууллаа. Тэрбээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний магадлалын ажил ба төсөвт өртөг нэгмэгдэж буй шалтгааны талаар танилцуулсан. Барилгын хөгжлийн төв нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, норм дүрэмд нийцсэн эсэхийг хараат бус экспертүүдээр хянуулан баталгаажуулдаг байна. Тус байгууллага жилд дунджаар 2200-2500 магадлалын дүгнэлт гаргадаг бөгөөд одоогоор 211 экспертт ажиллаж байгаа гэлээ. 2026 онд нийт 2390 төсөлд магадлал хийснээс 1330 нь улсын төсвийн, 1060 нь хувийн хэвшлийн төсөл байсан байна. Барилгын төсөв анхны дүнгээс өсөхөд нэг маягийн зураг төсөл ашиглах, магадлал хийгдээгүй төсөв батлах, нэмэлт болон өөрчлөлтийн ажил хийх, тендерийн шатанд ажлын тоо хэмжээг өөрчлөх зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлж байгааг танилцууллаа.

Сүүлийн 10 жилийн хугацаанд нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн төсөвтэй холбоотой 989 төсөлд нийт 3.5 их наяд төгрөгийн өртгийн өөрчлөлт бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор магадлалаар баталгаажсан төсөвтэй төслүүдийг улсын төсөвт тусгах, түлхүүр гардуулах нөхцөлтэй төсөл хэрэгжүүлэх практикийг хязгаарлах, зураг төслийн даалгаврыг мэргэжлийн түвшинд боловсруулах зэрэг эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатайг танилцуулсан юм.

photo_2026-11-17_12-45-48 (2).jpg

“Төрийн худалдан авах ажиллагаа (2006-2026 он)” сэдэвт өнөөдрийн хэлэлцүүлгийг дөрөв дэх буюу сүүлийн мэдээллийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчоор З.Цэдэнжав танилцууллаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулсан. Төрийн аудитын байгууллагаас төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой хийсэн аудитаар худалдан авах ажиллагааны бүх үе шатанд нийтлэг зөрчил, сул талууд байгаа гэлээ. 2006-2026 оны хугацаанд хийсэн 3971 аудитын хүрээнд худалдан авах ажиллагаатай холбоотой 6404 зөрчил илэрсэн бөгөөд тэдгээрийн дийлэнх нь төлөвлөлт, тендер шалгаруулалт, гэрээ байгуулах болон гэрээний хэрэгжилттэй холбоотой байсан аж. Мөн өрсөлдөөнийг хязгаарласан, тодорхой аж ахуйн нэгжид давуу байдал олгосон байж болзошгүй 531 тохиолдол бүртгэгдсэн байна. Аудитын дүнд 34 тэрбум төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 128 албан шаардлага хүргүүлсэн бөгөөд 5.2 тэрбум төгрөгийн хохирол, 39.1 тэрбум төгрөгийн үр ашиггүй зарцуулалтыг тогтоожээ.

photo_2026-11-17_12-45-49 (2).jpg

Төрийн аудитын байгууллага худалдан авах ажиллагааны төлөвлөлтийн чанар сул, тендерийн өрсөлдөөн хангалтгүй, гэрээний хэрэгжилтэд тавих хяналт дутмаг, зөрчил дутагдал давтан гарч байгааг тогтоожээ. Түүнчлэн төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, техникийн тодорхойлолтын чанарыг сайжруулах, цахим мэдээллийн сан болон нээлттэй өгөгдөлд суурилсан хяналтын тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа танилцууллаа. Иймд төрийн худалдан авах ажиллагааны үр ашиг, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд төлөвлөлтөөс эхлээд хэрэгжилт, үр дүнгийн үнэлгээ хүртэлх бүхий л үе шатанд тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай гэсэн саналыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчоор З.Цэдэнжав мэдээллийнхээ төгсгөлд танилцуулсан.

photo_2026-11-17_12-45-48 (3).jpg

Өнөөдрийн хэлэлцүүлэгт 19 төрийн байгууллага, 14 төрийн байгууллага, иргэдийн төлөөлөл, мөн төрийн өмчит аж ахуйн нэгж, хувийн аж ахуйн нэгж, компанийг төлөөлж нийтдээ 70 орчим хүн оролцож, дээрх мэдээлүүдэд тулгуурлан хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд асуулт асууж, төрийн байгууллагын төлөөлөл, холбогдох албан тушаалтнуудаас хариулт, мэдээлэл авсан юм. Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, А.Ариунзаяа, Х.Булгантуяа, М.Ганхүлэг нар асуулт асууж, төрийн байгууллагыг төлөөлөн хэлэлцүүлэгт оролцож буй албан тушаалтнуудаас хариулт авсан.

Ийнхүү 2026 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд болох Ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлгээр төрийн худалдан авах ажиллагааны тогтолцоонд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан үг хэллээ. Төрийн худалдан авах ажиллагааны газрын зүгээс жил бүр давтагддаг тендерийн ачаалал их байгааг, олон төрлийн барааг бөөгнөрүүлж зарлаж байгааг, оролцогчдоос төрд аль хэдийн байгаа мэдээллийг дахин шаарддаг асуудлыг дурдсан гэдгийг тэмдэглээд “Үүнийг шийдвэрлэхийн тулд 3 жилийн хугацаатай зарлах барааг нэгж үнээр шалгаруулах, цахим дэлгүүрийг өргөжүүлэх, мэдээлэл солилцооны дэд бүтцийг хөгжүүлж, үнэлгээг хялбар хялбаршуулах санал дэвшүүллээ” гэлээ. Барилгын хөгжлийн төвөөс магадлал хийгдээгүй төсөл, арга хэмжээг төсөвт тусгаж байгаагаас шалтгаалан төсөвт өртөг өсөх, дахин магадлал хийх нөхцөл үүсдэгийг анхааруулж, магадлалтай төслийг л төсөвт суулгах, төсөл, санхүүжилтийг олон жилээр сунжруулахгүй байх шаардлагатай гэх саналыг хэлсэн болохыг Л.Мөнхбаясгалан гишүүн дурдсан. Харин Үндэсний аудитын газраас худалдан авах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналын эрсдэл өндөр хэвээр байгааг дурдсан хэмээгээд, эрсдэлд суурилсан хараат бус аудит, үр дүнд суурилсан хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай гэдэг саналыг дэвшүүлснийг танилцуулав.

photo_2026-11-17_12-45-49 (4).jpg

Тендерийн тоо өсөхийн хэрээр гомдол, маргаан өсөж байгааг Сангийн яамнаас танилцуулж, захиалагч байгууллагын ажилтнуудын ур чадвар, үнэлгээний хороодын хяналтыг сайжруулахтай холбоотой санал хэлсэн болохыг дүгнэв. Энэ өдрийн хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг сонсголын шинжээчдэд хүргүүлж, мэргэжлийн дүгнэлтэд тусгуулна гэдгийг Л.Мөнхбаясгалан гишүүн танилцуулсан. Мөн мэдээлэл ирүүлэх ёстой ч мэдээллээ ирүүлээгүй байгууллагууд анхаарч, хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг сануулсан юм.

Screenshot 2026-11-17 at 15.12.47.jpg

“Төрийн худалдан авах ажиллагаа (2006-2026)” хэлэлцүүлэг маргааш үргэлжилнэ. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар тус хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллах бол Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Чингис хаан баялгийн сангийн нэгдэл”, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сангийн яамнаас холбогдох мэдээллийг танилцуулна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 11 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл би… 11 цагийн өмнө
Төрийн худалдан авах ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох асуудл… 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөлтэй уулзлаа Өчигдөр
Л.Энх-Амгалан: 2027 онд 6, 7-р ангийн 140 мянган сурагчийг “Үдийн хоол… Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэм… Өчигдөр
М.Отгонцэцэг: Бид натурал, массажаар, үүдэл эсээр гэрэлтсэн, үрчлээгүй… 2026/11/12
Энэ улирлаас эхлэн нэгдүгээр ангийн сурагчдад сэтгэл хөдлөлийн хичээл … 2026/11/12
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгд… 2026/11/11
ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов 2026/11/11
УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, И… 2026/11/10
УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр … 2026/11/10
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итг… 2026/11/09
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжил… 2026/11/09
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору… 2026/11/06
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэл… 2026/11/05
Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээ… 2026/11/05
Гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.долларт хүрлээ 2026/11/05
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчийг … 2026/10/28
Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв 2026/10/23