С.Баярмаа: Нутгаа өнгөтэй, өөдтэй авч явахыг хүсдэг болохоос газрыг нь зарах бодол надад байхгүй

0
6528

Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга С.Баярмааг “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа. Түүнийг гадны компанид олон мянган га газар зарсан хэмээн сошиалд багагүй шүүмжилсэн бөгөөд энэ ямар учиртай шийдвэр байсан талаар болон цаг үеийн асуудлаар бид ярилцлаа.

-Баянхангай сумд цас их унажээ. Өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна вэ. Малчид зутруу байна уу. Энэ сэдвээс ярилцлагаа эхлэе?

-Өвөлжилт хүнд байна. Манай суманд 275 мал бүхий малчин иргэд байдаг. Мал тооллогоор 83 мянган мал тоологдсон. Өмнөх оны мөн үеэс 13 мянган толгой малаар буурсан үзүүлэлттэй байгаа. Зуны цагт ган, өвлийн цагт цас их унаж байна. Байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас мал аж ахуй эрхлэхэд хүндрэлтэй боллоо. Өнөө жил цасны зузаан талдаа 20-30 см. Гуу жалгадаа 80-100 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Малчид цагаан сар хүртэл малдаа өгөх өвс тэжээлээ бэлтгэсэн. Сумын Онцгой байдлын нөөцөд 60 тонн өвс тэжээл нөөцлөх ёстойгоос одоогийн байдлаар 20 орчим тонныг нөөцөлсөн. Манай сумын хувьд тонн тэжээл сая төгрөг, ногоон тэжээл 15000, өвс 17000-18000 төгрөгийн үнэ ханштай байдаг. Нөгөө талдаа малчдын мал, махны үнэ хямд байна. Мал тооллогоор яваад малчдын ахуй байдалтай танилцахад ихэнх нь өвөлжилт хүндэрнэ гээд малаа их хэмжээгээр нядалж, нөөцөлжээ. Тэгээд заръя гэхэд үнэ хүрэхгүй, нэг кг нь 7500-8000 төгрөг байгаа шүү дээ. Арьс, шир ч үнэд хүрдэггүй, гуу жалганд хаягдаж байна. Малчдын ахуй амьдрал жилээс жилд муудаж байна. Орлого муу боллоо. Малын гаралтай бүтээгдэхүүний үнэ хамгийн доод түвшинд яваа учраас малчид цаашид амьдрахад бэрх болж байгааг нуух юун. Цөлжилт, бэлчээрийн доройтол явагдаж байна. Манай сум 100733 га газар нутагтай. Үүнээс бэлчээр нь 54 мянган га байдаг юм. Гэтэл 83 мянган толгой мал гэдэг бол бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрсэн үзүүлэлт. Цаашдаа малын тоо толгойг цөөрүүлж, чанаржуулахгүй бол ойрын таван жил, цаашлаад 10 жилд мал аж ахуйн салбар хүнд болохоор байгаа. Боломж байдаг бол эрчимжсэн мал аж ахуйг хослуулж, малынхаа үүлдэр угсааг анхаараач гэх саналыг тавьж байна, бид. Энэ жилээс манай сум “Мянгат малчин” цол тэмдгийг олгохгүй. “Аймгийн аварга” цолыг бол олгоно. Ингэхдээ малын үүлдэр, угсаа чанарыг сайжруулсан малчин өрхөд шагналыг олгоно. Малын тоог бол харгалзаж үзэхгүй.

-Хөрш зэргэлдээ аймаг, сум руугаа оторлож байна уу. Эсрэгээр танай сумын газар нутагт отроор ирсэн малчин өрхийн байдал ямар байна?

-Манай суманд одоогоор гадны малчин айл ирээгүй. Манайхаас Хэнтий, Дорнод руу таван өрхийн 2800 орчим мал отроор явсан байна. 

-Хэд хоногийн өмнө аймгаас төсөвлөж өгсөн мөнгөө сум орон нутагтаа хэрхэн яаж зарцуулахаа эцэслэж батлах шиг боллоо. Энэ жил хийгээд ирэх онд орон нутагтаа ямар ажил хийж, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөө яаж захиран зарцуулахаар төлөвлөв. Онцлох ямар ажил хийгдэхээр яригдаж байна вэ?

-2023 оны тухайд манайх хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай ААН-үүдийг татаж, үйл ажиллагаа эхлүүлж байгаа гэдгээрээ бусад 27 сумаасаа онцлогтой байгаа. Сумандаа 16.8 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж, бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн. 2024 оны хоёрдугаар улирал гэхэд эхнээсээ ашиглалтад орно. Улс, аймгаас төсөв харж суухгүйгээр хувийн хэвшлийн салбарын хүмүүсийг сумандаа авчрах, бизнес хийх боломжоор нь хангах чиглэлээр ажилласан. Ирэх жил ч үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Аймгаас төсвийн таван байгууллагын нийт урсгал зардалд тэрбум 500 орчим сая төгрөгийг төсөвлөсөн. Орон нутгийн хөгжлийн санд 180 сая төгрөг хуваарилагдлаа. Энэ жил УИХ-аар өрөөсгөл төсөв батлагдсан гэж харж байгаа. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, ашигт малтмал олборлосон, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй байдлаар нь итгэлцүүрээр хуваарилалт хийж байгаа нь ургуулдаг буюу газар тариалангийн баялагтай сумдын хуваарилалт тэгш бус байна. Хэтэрхий доогуур байна. Мэдээж, байгалийн баялагаа ухуулж буй орон нутаг ашиг хүртэх ёстой, тэр нь зөв. Манай аймгийн 27 сумаас Орон нутгийн хөгжлийн санд хамгийн бага төсөв авсан нь манай сум. Хамгийн ихдээ 2.9 тэрбум төгрөгийн төсвийг авч байна. Энэ хоёрын хооронд тэнгэр газар шиг зөрүүтэй. 180 сая төгрөгөө ирэх онд юунд хүргэх вэ гэдэгт саналаа авч, төлөвлөсөн. Гэтэл санал аваагүй, хийх шаардлагатай асар олон бэрхшээл, шийдэх асуудлууд байдаг. Хаанаа ч хүрэхгүй, эхлүүлэх төдий хуваарилалт орж ирж байгаа нь том зүйл төлөвлөж, сум удирдаад явж байгаа хүний хувьд чамлалттай байлаа. Цаашдаа УИХ-д байгаа төсөв баталж байгаа хүмүүс анхаараасай.

-Хавар газар тариалан эхэлнэ. Газар тариалан эрхлэгчдийг дэмжих чиглэлд төрийн бодлого яаж явж байна вэ. Танай иргэдийн зүгээс ямар санал, санаачилга гаргав?

-Манай суманд атрын сангийн аж ахуй 1977 онд байгуулагдсан. Уг нь атар газрыг эзэмшдэг анхны сумдын нэг атал 1990 онд САА дампуурсан. Яг одоогийн байдлаар манай суманд техник байхгүй болчихсон. Бүх 27000 га тариалангийн талбайтай боловч 4200 га газар л ашиглагддаг. Нөгөө талд бүх талбай малчдын бэлчээр болсон. Малын тоо ихэссэн, малчид тариаланчдын хооронд зөрчилдөөн бий болчихсон. Газраа хагаллаа, гадны хүнд тариалангийн газраа эзэмшүүллээ гэсэн маргаан их байдаг.

Ер нь байгалиасаа ургадаг ургамал ургахаа больж байна. Жил ирэх тусам багасч байгаа учраас хүссэн хүсээгүй ургуулдаг салбараа хөгжүүлэх ёстой юм байна гэсэн үүднээс сумын ИТХ-аас малчдын бүлэгт газар олгож эхэлсэн.  Манайх малчдын 10 бүлэгтэй. Нэг бүлэгт 12-13 өрх бий. Тэдэнд эхний ээлжинд 50 га газар олгож үзэж байгаа. Малчид өөрсдөө газар тариалангийн салбар руу орсноор ургахгүй бэлчээр харж сууснаас ургуулдаг тариалангийн талбайд тариалан эрхлүүлж үзэхээр нийтдээ 300 га газрыг малчдын бүлгүүдэд хуваарилсан. Мөн төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар иргэдэд газар олгохоор төлөвлөсөн. Атар газар мөртлөө тариалангийн талбайгаасаа хүртэх ёстой ашиг шимээ хүртэж чадахгүй байгаа. Дандаа л Улаанбаатараас нарийн ногоогоо худалдан авч байна. Яагаад бусад сум шигээ хүнсний ногоо тариалж болдоггүй юм. Энэ үүднээс газрыг нь шийдэж өгье, чадах нь чадаг, чадахгүй нь болиг. Хөдөлгөөнд оруулахгүй бол газраа хав дараад байвал нэг л мэдэхэд өөр хүний эзэмшилд очихыг үгүйсгэхгүй. Тиймээс анх удаа 50 га газрыг хүнсний ногоо тариалалтын чиглэлээр олгосон. Ойрын таван жилд иргэд ургуулсан хүнсний ногоо, газар тариалангийнхаа үр шимийг хүртэж, өөр төвшинд очих байх гэж харж байна.

-Баянхангай сумын Засаг дарга баруун солгойгүй газар зарж байна гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан. Тийм учраас тодруулъя гэж зорьж ирлээ. Ямар зорилгоор газар олгосон юм бэ?

-Сайны хажуугаар саар гэгчээр ийм асуудал үүссэн нь үнэн. Хорио цээр бүхий махны үйлдвэрийг манай суманд хэрэгжүүлэх боломжтой байна гээд төсөл санаачлагч, хэрэгжүүлэгч нар нь анх зургадугаар сард ирж уулзсан. Бид гэнэт сумын ИТХ-аар хэлэлцсэн юм биш. Тавдугаар сараас хойш багийн ИТХ, малчдын зөвлөгөөн, суманд үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН, ажилгүй хүмүүс, банкны салбарынхныг оролцуулан танилцуулга хийсэн. Ямар үр өгөөжтэй төсөл вэ, хэнд хэрэгтэй юм бэ гэдэг төслийн танилцуулгыг 3-4 удаа хийж байж, хагас жилийн хурлаар оруулан 1100 га газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж өгсөн. Зургадугаар сараас арванхоёрдугаар сар хүртэлх хагас жилийн хугацаанд Засаг даргын захирамж гаргаад өгвөл өгөх хугацаа хангалттай болсон. Гэхдээ яараагүй. Энэ хугацаанд эсэргүүцсэн хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, тавьж буй шаардлагыг нь сонсож, боломжтой бол шийдье гэсэн үүднээс ажилласан. Ингээд лхагва гарагийн хурлаар 1100 га газрыг 500 га газар болгон бууруулж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж өглөө. Яг одоогоор эцсийн шийдвэр гаргаж, олгосон асуудал байхгүй. Газар зарна гэж яриад байгаа юм. Монгол Улсын хуульд газар зарна гэсэн ойлголт хууль байхгүй. Засаг дарга хуулийн хүрээнд хууль хэрэгжүүлэх гэж ажиллаж байгаа. Хууль бус зүйл хийснийг шалгаж тогтоодог газар нь тогтоовол хариуцлага хүлээгээд явах нь тодорхой. Хуульд нийцүүлж ажиллах тангараг өргөсөн Төрийн албан хаагч учраас хуулийн дагуу л ажиллаж байгаа. Хардаж байгаа бол намайг шалгуулж болно. Би айхгүй. Харин ч шалгуулмаар санагдаж байгаа. Би бас нутаг усандаа төрж өссөн, миний аав ээж малын эмч нар байсан. Нэр, төртэй хүний хүүхэд. Нутаг усаа өнгөтэй өөдтэй авч явахыг хүсэж ажиллаж байгаа болохоос биш газрыг нь зараад явах бодол байхгүй. Баянхангай сум яагаад нэрээ гаргаж болохгүй юм бэ. Монгол Улсад анхны гэсэн үйлдвэр яагаад манай суманд баригдаж болохгүй байгаа юм. Том зүйл харж ажилладаг, манай баг ч дэмждэг. Энэ чинь миний шийдвэр ч биш Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй том ажил. Дан ганц манай сумын ч бус Монгол Улсын хөгжилд хувь нэмэртэй том төсөл шүү дээ.

-Жишиг фермийн аж ахуйгаар сая орж танилцсан. Ингэхэд татвар нь сумандаа үлдэнэ, нийгмийн хариуцлагын гэрээ байгуулна. Газраа хэдэн тэрбумаар өгсөн асуудал биш юм гэж ярьж байсан. Энэ фермүүд ингэж ажиллана, нийгмийн хариуцлагын хүрээнд ийм ажил хийнэ, ЗДТГ-ын зүгээс ийм асуудал ярих юм гэдэг талаар тайлбар өгөөч?

-Хэсэг хүмүүсийн эсэргүүцэж буй махны үйлдвэрийн төсөл бол Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтад орсон ажил. Энэ ажлыг хийлгэхэд сумын эдийн засгийн татварын орлогын бааз суурь 10 дахин нэмэгдэнэ. 400-450 сая төгрөгөөр татварын орлогын бааз суурь нэмэгдэнэ. Түүнчлэн, хамгийн багадаа 260 ажлын байр бий болно. Манай сум 1600 хүн амтай атлаа үйлдвэрт ажиллах 260 хүн байхгүй учраас зарим хүмүүс гадна дотноос ирнэ. Хүн ам нэмэгдэнэ. Хамгийн багадаа 2.500.000 төгрөгөөс цалин нь эхэлнэ гэж байгаа. Тэгэхээр сардаа 700-800 сая төгрөгийн мөнгөний урсгал манай суманд орж ирнэ. Энэ хэрээр банкны систем, үйлдвэрлэл үйлчилгээний салбарын орлого, өрхийн амьжиргаанд нөлөөнө. Одоо сум өөрөө орлогоо ол, тэрийгээ өөрөө захирал зарцуул гэдэг бодлогыг барих болсон. Бүх татвар аймаг руу өмнө нь явдаг байсан бол одоо сумандаа шингэдэг болсон. Тэгэхээр махны үйлдвэр баригдлаа гэхэд хэдэн тэрбумаар үнэлэгдэх татвар нь суманд орж байх ёстой. Та бид хоёрын орж танилцсан сүүний ферм мөн адил. Зургаан тэрбум төгрөгөөр баригдлаа гэхэд түүний 0.2 хувь нь татвар хэлбэрээр сумандаа шингэнэ. Манай сум одоогийн байдлаар 143 сая төгрөгийн орлого тасарчихсан байгаа. Цалингаа тавьж чадахгүй, шатахуунаа хаалгачихсан, цахилгаан, түлш халаалтныхаа зардлыг өгч чадахгүй, зогсчихсон байна. Дараа, дараагийн он жилүүдэд ийм байдал битгий үүсээсэй, илүү чадавхтай, асуудлаа шийдэх бүрэн чадамжтай болгож хөгжүүлэхийн төлөө газраа зарах биш, ашигтайгаар ажиллуулах, эзэмшүүлэх, орон нутагт хэрэгтэй, иргэдэд өгөөжтэй байдлаар хийхийг зорьж байгаа. Махны үйлдвэр баригдсанаас энэ компани ганцаараа ашиг олохгүй, малчидтай нийлж орлого олно. Стандартын шаардлага хангасан малын мах, сүүг хэдэн төгрөг ч байсан хамаагүй эрүүл л бол худалдаж авна гэдэг хүмүүс бий болчихсон.

-Малчид малаа нядлаад хадгалах бус, махны үйлдвэрт өгдөг болно гэсэн үг үү?

-Тийм. Эргээд энэ махаа дэлхийд, экспортод гаргая л даа. Арабын баячууд монгол малын мах идэхийг хүслээ ч, өвчтэй гээд авахгүй байна. Бид эрүүл гэдгээ нотлоод гадагшаа гаргахад малчдын мах үнэд хүрнэ. Үүнийг л зорьж байгаа юм. Антибиотик, вакцины үлдэгдэлтэй, хэзээ тарьсан нь тодорхойгүй малын махны асуудал тулгамдаж байгаа. Бүх малчид өөрсдөө малын эмч болчихсон. Манайх хоёр малын эмнэлэгтэй боловч, малчдад хүрч ажиллаж чадахгүй байна. Малчид дор бүрнээ дураараа антибиотик хэрэглэдгээс малын өвчин нэмэгдэх хандлагатай болсон. Баянхангай сумын малчид махныхаа үйлдвэртэй нийлээд эрүүл бүс болчихвол малчдын мал юун Эмээлт дээр 250 мянгад өгье гээд гуйх биш гадагшаа гарна гэдгийг ойлгох ёстой. Махны үйлдвэр зөвхөн ганц мах нядлаад экспортод гаргахаас гадна малчидтай хамтраад бизнес хийе гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, малаас гарч буй дайвар бүтээгдэхүүнийг дахин боловсруулах жижиг цехүүд байгуулна аа. Тэрийг танай сумын малчин хоршоод хариуцаад яваач гэж байгаа юм. Хож, хож гэсэн зарчмаар явах боломж байна шүү дээ. Жижиг цехийг манай малчдын 12 хоршоо хуваагаад авчихвал орлого хэр их нэмэгдэх билээ. Малчдынхаа орлогыг яаж нэмэх вэ гэдэг л миний хамгийн гол санаа зовоосон асуудал болсон. Цаашлаад бүх малаа чиптэй болгох ээмэгжүүлэх шаардлага ч бий.

-Бэлчээрийн хомсдол ганц танай суманд биш, улс даяар асуудал болж байна. Засгийн газрын 50, 100 хөтөлбөрөөр цаашдаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлд анхааръя гэж байгаа. Үүнийг танай сум олж хараад  10 айлын кластер сүүний ферм байгуулах төслийг өөрийн орон нутагтаа хэрэгжүүлж байгаа нь сайн жишиг. Бусад сум орон нутгийн удирдлагад санаа өгөх үүднээс энэ төслийг яаж хэрэгжүүлж байгаа талаараа туршлага хуваалцаач?

-Манай аймгийн 27 сумын гуравт нь кластер сүүний төсөл хэрэгжиж байгаа. Үүнийг малчдад аль болох ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Малчдыг урьдчилгаа 80 сая төгрөг өгөөд сүүний ферм рүү орооч гэхэд мөнгөө тоолоод ирэх малчин ховор байна. Тиймээс аймаг, орон нутгийн төсвөөс тодорхой хөнгөлөлт эдлүүлэх, сүүний танк дээр нь дэмжлэг үзүүлэх ч гэх юмуу ийм байдлаар дэмжээд өгвөл орж ирэх шинэ үеийн залуус байна. Зарим настай малчид үр хүүхдээ оруулъя гэж талархан хүлээн авч ирж байна. Манай сум “Эко натур” гээд бэлчээрийн доройтлыг судалдаг компаниар 2022 онд бэлчээрийн даацын судалгаа хийлгэсэн юм. Ингэхэд харамсалтай дүн сонссон. Мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр сумын долоон цэгт үнэлгээ хийлгэхэд 2-3 дугаар хөрсний үе хүртлээ цөлжилт явагдсан байна гэсэн дүн гарсан. Өмнө нь 20 гаруй төрлийн ургамал ургадаг байсан бол одоо хоёр, гуравхан нэр төрлийн ургамал ургадаг болсон байна. Яаралтай арга хэмжээ авахгүй бол таван жилдээ бэлчээр устана. Нэгэнт цөлжсөн бэлчээр сэргэхэд маш олон жилийн хугацаа шаарддаг. Тэнд ямар ч мал бэлчээрлүүлэхгүй хашиж хамгаалж байж олон жилийн дараа сэргэнэ. Бэлчээр байхгүй бол мал байхгүй, мал байхгүй бол малчин байхгүй. Ийм л дүр зураг харагдаж байна гэсэн дүгнэлт сонссон хүний хувьд дараагийн шийдэл ямар байх вэ гэдэг үүднээс эрчимжсэн мал аж ахуй, махны үйлдвэрүүдийг байгуулах юм байна, ингэж байж малчдынхаа орлогыг нэмэх юм байна, малынхаа тоо толгойг цөөрүүлэх юм байна гэж харж, хөрөнгө оруулалт татаж ажиллаж байгаа.

-Сүүний кластер фермийн төсөлд малчид орлоо гэхэд банкны зээлийн дэмжлэг байдаг уу?

-Нүүдэлчин Агар ферм “Хаан” банктай хамтарч ажилладаг. Хаан банкны гурван хувийн зээл рүү оруулахаар ХХААЯ болон Засгийн газар, Сангийн яаманд хүсэлт тавьсан. Яамдуудын хувьд ойлгож дэмжиж байгаа. Одоо банкны салбартай ойлголцох ажлыг эхлүүлээд явж байгаа. Саяхан Хаан банкны удирдлагууд манай суманд ажиллаж, фермийн үйл ажиллагааг хараад, дэмжинэ гэсэн хариу хэлээд явсан.

Манай аймаг “ХАА стратеги 24” гээд хөтөлбөр боловсруулсан. Энэ дагуу 27 сумаа хөгжлийн таван тойрог болгосон. Манай сум дөрөв дэх тойрог буюу МАА, Газар тариаланг хөгжүүлж байж хөгжинө. Засгийн газраас тариалангийн бүс нутаг гээд тогтоогоод өгчихсөн. Хүссэн, хүсээгүй манайх газар тариалангийн бүс нутаг орж байна. Газар тариалангийн бүс нутагт малын тоо толгойг багасгах, тариалалтыг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ёстой. Засгийн газраас гаргасан бодлого шийдвэртэй, аймгаас гаргасан бодлого шийдвэр уялдаж, сүүний кластер төсөл, хорио цээр бүхий махны цогцолбор төсөл, “Харүмафүжи” хүний оролцоо багатай сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн ферм баригдаж байгаа. Ийм зүйлийг харж, хооронд нь уяж хэрэгжүүлэхээр зорьж байна. Бид малчид, иргэдэд мэдээлэл өгөх, хүргэх ажлаа дутуу хийсэн. Хажуугаар нь улстөржилт байгаа учраас ташаа мэдээлэл, хардлага их гарч байна.  Манай суманд ерөнхийдөө найман жил АН дангаараа засаг барьсан. Энэ хугацаанд 2000 гаруй га газрыг гадны хүмүүст олгосон байдаг. Өнөөдөр тэр ААН-үүд манай суманд нэг ч төгрөгийн татвар төлдөггүй. Найман жилийн өмнө засаг барьж байсан хүмүүс алсаа харж байсан бол өнөөдөр тийм шийдвэр гаргахгүй байлаа. Гадны ААН-үүдэд ямар ч үр дүнгүй газар олгосон. Улаанбаатар хотод бүртгэлтэй учраас тэндээ л татвараа төлнө. Сумын төсөвт нэг ч төгрөгийн татаас өгөхгүй, ажиллах хүчээ ч авдаггүй. Өнөөдрийн бидний олгосон газрууд таван жилийн дараа Баянхангай сумыг эдийн засгийн хувьд хараат бус, чадавхитай сум болгоно. Үүний төлөө л хийсэн юм.