Төрийн албан хаагчид орлогоос гадна зарлагаа мэдүүлэхийг хуульчлах нь зөв үү

0
2249

Манайд 1,5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч 100 сая төгрөгийг машин унаж, үнэтэй брэндээр хувцаслаж, үр хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд сургадаг байдал бий. Төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна дунд шатны албан хаагчид ч хамаатай асуудал. Өөрөөр хэлбэл, тэдний орлогоосоо давсан зарлагыг хянахыг олон нийт байнга сануулж, шаарддаг.

 Төрийн ордонд болж буй Зөвлөлдөх санал асуулгад оролцож буй иргэд “Авлигатай тэмцэх тухай хуульд төрийн тангараг өргөсөн албан хаагчдын орлогоос гадна зарлагаа мэдүүлэхийг хуульчлах ёстой. Ингэснээр бидний авлигатай хийж буй тэмцэлд ахиц гарахаас гадна төрийн албаны нэр хүнд дээшлэх зэрэг олон эерэг талтай. Энэ саналыг бид  уламжилж байна” хэмээн танилцууллаа.

Их ард түмнээс сонгогдсон бага ард түмэн нэрлэгдэж буй 800 гаруй иргэд энэ мэт олон санал гаргаж байна. Улстөрийн үзэл бодлоо илэрхийлэх цуглаан бус улс орны тулгамдсан асуудлаар зөвлөлдөн саналаа хэлэх иргэдийн төлөөлөл жинхэнэ асуудлыг сөхөн гаргаж байгааг анзаарлаа.

Төрийн албанд орох хүсэлтээ илэрхийлж, зохих шалгуурыг давж, тангараг өргөж байж төрийн албан хаагч хэмээх эрхэм үүргийг хүлээдэг.

Мөн авлигаас ангид байж төрийн албыг нэр төртэй биелүүлэхээ тангаргалдаг. Энэ тангаргат төрийн албан хаагч  орлогоо бас зарлагаа мэдүүлэх амлалт хамтдаа багтах нь зүйд нийцнэ. Тиймээс хуульчлан баталгаажуулах нь олон нийт хүсэл хэмээн ойлгож болно. Зөвлөлдөх санал асуулгад оролцогчид  бол манай улсын 3,5 сая иргэдийн бодит төлөөлөл гэдгийг дахин сануулья.

Авлигатай тэмцэх газраас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүр авч, олон нийтэд ил тод мэдээлдэг болсон. Хэн нэгэн төрийн өндөр албан  тушаалд томилогдмогц түүний хөрөнгө, орлогыг сошиалд тавьж, хэсэгтээ шуугина. Харин зарлага байхгүй. Мөн анх энэ албан тушаалд орохдоо мэдүүлж байсан хөрөнгө нь хэд дахин үржигдсэныг ч хялбархан мэддэг болсон. Энэ бол авлигачдыг илрүүлж, нийгмээрээ шүүж буй дэвшил шүү. Харин үнэн, худлын дэнсийг хууль, хяналтынхан шалгаж, илрүүлж байгаа гэдэгт итгэж байна.

Гэвч Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 2021 онд   180 орноос 110 дугаар байранд байсаар…. Өөрөөр хэлбэл, авлигаас ангижрах тэмцлээ эрчимжүүлэхийг анхааруулсаар байна. Олон нийт ч авлига, хээл хахууль, хулгай луйвар ямар аймшигтай бугшиж ирснийг халаглан, гэмт этгээдүүдэд гэсгээл өгөхийг шаардаж эхэлсэн.

Өнөөдрийн Зөвлөлдөх санал асуулгад оролцогчид ч нийгэмд шударга ёсыг тогтоох чиглэлд  олон санал гаргах нь тодорхой байна.

  Төрийн албан тушаалтнууд  нь зарлагаа мэдүүлдэг улс орнуудын авлигын эрсдэл буурсан үзүүлэлттэй байдаг гэж судлаачид үзжээ.

Ер нь бол төрийн албан хаагч   нэг талаар орлого, зарлагаа тэнцүүлж ажиллаж, амьдрахаа тангаргалсан хүмүүс биз дээ. Магадгүй амьдрал баялаг учраас орлогоосоо давсан зарлагатай бол түүнийгээ үндэслэлтэйгээр тайлбарлах ёстой. Хэрэв тайлбарлаж чадахгүй бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг гэж үзэх бүрэн үндэстэй юм.  Гэр бүлийн гишүүний хэн нэгний орлого нь илүү байж, тэр хөрөнгөөрөө үнэтэй машин авч унах, үр хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд сургахыг үгүйсгэхгүй гэсэн үг.

Гэхдээ үүнийгээ нотлох ёстой гэсэн шалгуурт тэнцэхээс бус хүний эрхэд халдлаа  гэдгээс өөр ойлголт юм. Юу өмсөж зүүх, хаана амьдрах хүний эрх хэмээн даналзаж, авлигаар хөрөнгөжсөнөө хайцаалдаг ичгүүр сонжуургүй авирлагсад олон бий.