Хөгжлийн банкны сонсгол тэрбум, тэрбумаар нь хэмжигдэх луйврыг хэрхэн хийдгийг илчилж байна

0
1271

Төрд шургалсан хулгай, луйвар багасаж, албан тушаал, эрх мэдэлтнүүдийг гэсгээн шийтгэхийг л нийгэм даяараа хүлээж байна. Өнөөдөр УИХ-ын Хянан шалгах  түр хороо Хөгжлийн банкны хууль бус үйл ажиллагаанд оролцогчдыг гэрчээр дуудаж,  нотлох баримтыг танилцуулж, ард түмний засаглах эрхийг хангаж, парламентын хяналтыг хэрэгжүүлж байна.

Энэ бол  Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа  зохион байгуулагдаж буй арга хэмжээ юм.  Хууль бус үйлдлийг илрүүлэх, бодит үнэнийг ард түмэндээ илчилж, нийгмийн хүсэмжлэл буюу шударга ёсыг тогтооход маш чухал алхам болж байна.

УИХ-ын Хянан шалгах  түр хороо гэж ямар эрх мэдэлтэй, үүрэгтэй бүтэц вэ гэж олон нийт сонирхож эхэллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уг хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын  нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ  цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.” гэсэн заалтыг тусгасан.  Ийнхүү Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу  2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хууль батлагдсан юм.  

Энэхүү хууль батлагдсанаар УИХ хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянах зэрэг үүрэгтэйгээ хамтатган олон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлыг хянах, шалгах онцгой эрхээ ханган биелүүлж байна.

УИХ, Засгийн газар хамтран хууль бус үйлдлийг илчлэн илрүүлэхэд Хянан шалган түр хороо чухал үүрэг хүлээж, олон нийтийн бухимдлыг сааруулж, төр засагт итгэх итгэлийг бага ч болов төрүүлж байгаа болов уу.

 Энэ өөрчлөлтийг бодит ажил болгоход хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүн нь УИХ-ын дарга Г.Занданшатар. Тэрбээр Үндсэн хуулийн өөрчлөлтөд ард түмний засаглах эрхийг хангах боломжийг бүрдүүлэх, хүний эрхийг хангах, хууль шүүхийн тогтолцоог шинэчлэх зэрэгт хууль эрх зүйн дорвитой өөрчлөлтийг хийсэн. Хамгийн сүүлд Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлт нь авлига, хээл хахуулийг багасгахад цочроо өгч байна.

Ер нь цаашдаа  төр  бол эрх мэдэлд хүрэх зам, хулгайчдыг орогнуулах оромж  байхаа больж, ард түмний шударга ёсны эрэлхийлэл биеллээ олохыг хүсч байна.

Хөгжлийн банкны сонсголын дараа нүүрсний хулгайн асуудлаар Хянан шалгах түр хороо сонсгол зохион байгуулна.

УИХ-ын Хянан шалгах түр хорооны шат дараалсан эдгээр сонсголууд олон асуудлыг учгыг тайлах нь гарцаагүй. Ямарч  байсан сүүлийн хэдэн өдрийн сонсголоор  улстөрч, албан тушаалтнууд ах дүүс,найз нөхдөөрөө хэрхэн бүлэглэн дээрэм хийсэн, банкны  дампуурлыг хэрхэн зохион байгуулахыг завдсан , зээлийг зориулалтын бусаар зарцуулан дараагийн хулгайгаа хийх нүхээ ухсан зэрэг хууль бус олон үйлдлийг бид өнөөдөр сонсч, мэдэж авч байна.

Хар,цагааныг дэнслэх төртэй байгаад талархья. Харин хэрэг замхарч, дархан эрх ямбаар хэн нэгэн сугарч үлдэхгүй байхад УИХ-ын дарга Г.Занданшатарын эр зориг л шалтгаалах болчихоод байна. Гэхдээ  дарга  маань УИХ-ын хяналтыг сайжруулах, хууль шүүхийн шударга тогтолцоог бүрдүүлэх зэрэгт өөрийн биеэр манлайлал үзүүлэн ажиллаж буй учраас эрхэм зорилгоо гээхгүй гэдэгт итгэж байна.