Эвлэрүүлэн зуучлах өргөдлийн 26 хувийг гэр бүлийн маргаан эзэлж байна

0
233

Шүүхийн ерөнхий зөвлөл, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл“ сэдэвт  хэлэлцүүлгийг өнөөдөр “Шангрилла” зочид буудлын “Ballroom” танхимд зохион байгуулж байна.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 2012 онд батлагдсанаас хойш хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан. Энэ хууль нь эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрүүлэх шүүхийн бус аргыг хэрэглэх эрх зүйн үндсийг бий болгосон. Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зарчим, арга, хэлбэр, онцлог шинжид тулгуурласан хэм хэмжээг агуулсан хэдий ч тухайн зохицуулалтыг хэрэгжүүлэх процесс ажиллагааны зарим зохицуулалт хийгдээгүй, зарим ажиллагааг хэт ерөнхийлөн заасан зэрэг дутагдалтай талтай.Тиймээс  хэлэлцүүлгээс хуульд тусгуулах саналаа нэгтгэж, зөвлөмж гарган,  эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэгт хүргүүлэх юм.

Монгол Улсын анхан шатны шүүхэд 2014 оны хоёрдугаар сараас эвлэрүүлэн зуучлал нэвтэрч эхлээд долоон жил болж байна. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд нийт 130 мянган өргөдөл, нэхэмжлэл хүлээн авчээ. Үүнээс 63635 буюу 69 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрлийн гэрээ байгуулагдсан байна.

Нийт эвлэрүүлэн зуучлах өргөдөл нэхэмжлэлийн 73 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 0.7 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, 26 хувийг гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргаан тус тус эзэлж байгаа юм. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа шүүхэд нэвтэрснээр иргэд маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх боломжийг олгохын сацуу шүүхийн ачааллыг 25 хувиар бууруулжээ.

Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчид, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчидын танхимын төлөөлөл, багш, эрдэмтэн, судлаачид оролцож байна.