МЭДЭГДЭЛ

0
1010

“Нийтийн байранд шалгалт хийж айлын гэрт дайрч орсон” гэх тайлбартайгаар цахим сүлжээнд байршуулсан энэхүү гэрэл зураг нь бодит байдлыг илтэд гуйвуулсан ташаа мэдээлэл болохыг дахин мэдэгдэж байна.

Тухайн үед буюу 2019 оны 03 дугаар сарын 1-нд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтсээс 55 нийтийн байранд хяналт шалгалт хийсэн байна. Нийтийн байруудад гэмт хэрэг гарах нөхцөл бүрдсэн, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн зэрэг үйлдлийг илрүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой уг шалгалтад дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран оролцсон байдаг.

Нийтийн байруудад шалгалт хийх явцад хэд хэдэн зөрчил илрүүлсний нэг нь архидан согтуурч, агсам тавьсан зөрчил. Тухайн үед нийтийн байрны эзэн нь согтуу, түрээслэгч эмэгтэй мөн биеэ авч явах чадваргүй, хүүхэд нь уйлж, өрөө нь хөглөрсөн байдалтай байсан. Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид нийтийн байрны түрээслүүлэгч эзнийг эрүүлжүүлэх рүү авч явсан бөгөөд харин мэргэжлийн хяналтын улсын байцаагч хүүхдийг аргадаж саатуулсан. Улмаар  холбогдох албаны хүмүүс эмэгтэйг хүүхэдтэй нь үлдээхээр шийдвэрлэж, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэтэл цахим сүлжээнд уг гэрэл зургийг ташаа мэдээлэлтэй хамт түгээсэн хүн нь зөрчил илэрсэн нийтийн байрны түрээслүүлэгч байсан нь тогтоогдсон юм. Иймд бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, ташаа мэдээллийг цахим сүлжээнд байршуулж, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС