Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.10.06/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 57.1 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.
Хамтарсан хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Б.Жавхлан, Г.Тэмүүлэн, Ш.Бямбасүрэн, Ж.Батжаргал, Д.Үүрийнтуяа, Ж.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Ч.Лодойсамбуу, Н.Наранбаатар, Н.Батсүмбэрэл, А.Ариунзаяа, Б.Заяабал, Р.Батболд, Н.Алтанхуяг, П.Ганзориг, Л.Мөнхбаясгалан, Ж.Баясгалан, Г.Уянгахишиг, Л.Соронзонболд, Ж.Батсуурь, Ч.Номин, М.Энхцэцэг, Б.Пунсалмаа, Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн, Ч.Анар, М.Бадамсүрэн, Х.Болормаа, Д.Энхтүвшин, П.Сайнзориг, Б.Жаргалан нар хүрэлцэн ирж, оролцсон.
Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Засгийн газар болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүнээс өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг байв.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Ажлын хэсгийн ахлагч Н.Наранбаатар танилцуулав. Ажлын хэсгээс хуулийн төслийн Нэгдүгээр зүйлийн нэг дэх заалт буюу 6.1.3-т заасныг Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувилбараар батлах, хуулийг батлагдсан өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллыг гаргасан гэдгийг тэрбээр танилцуулгадаа дурдлаа.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Б.Жаргалан нар асуулт асууж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээг 3 хувь болгож өөрчилснийг бууруулах нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийллээ.



Харин Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар энэхүү заалт төсвийн тогтвортой байдалд хүндрэл учруулна хэмээн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, өнөөдрийн байдлаар манай улс соёрхон баталсан 116 зээл тусламжийн төсөл байгаагаас 89 нь хэрэгжиж байна. Зээлийн ашиглаагүй 14.5 их наяд төгрөгийн үлдэгдлээс 95 хувь нь 2030 онд дуусна. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээг 2 хувь гээд заачихаар зээл тусламжаа ашиглаж чадахгүй, мөнгөний үнэ цэн унаж байна гэсэн асуудлыг хөндсөн.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасан хувь хэмжээг өөрчлөх нь хуульд нийцэж байгаа эсэхийг тодруулснаар хэлэлцүүлэг өндөрлөж, Ажлын хэсгийн дээр дурдсан саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Жаргалангаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2 дахь заалтын “3 хувь…” гэснийг 2 хувь болгох зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.3 хувь нь дэмжив.
Хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг байлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэснээр Байнгын хороодын хамтарсан хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.