Улсын Их Хурлын асуулгын цагийн дараа чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдөр (2026.09.25)-ийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлт, мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа.
2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг энэ сарын 15-ны өдөр засварлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Хуулийн төслүүдийг танилцуулж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэлэв. Тэрбээр танилцуулгадаа, 2027 оны улсын төсвийн төсөл бол бодлого, шийдлээ бодит үр дүн болгох, эдийн засгийн өсөлтөө иргэн, өрхүүддээ хүргэх үндсэн зорилготой тооцоолол гэдгийг онцлоод, хүнээ бодож, амьдралд тулгамдсан асуудлыг онилох, эхлүүлсэн бодлогоо бодит шийдэл болгох, эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалах бодит нөхцөлийг бүрдүүлэхэд төсвийн бодлогоо чиглүүлсэн гэдгийг дурдлаа.
2027 оны төсвийн бодлогыг иргэдийнхээ бодит орлогыг хамгаалах, эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, хувийн хэвшлийн татвар, санхүүжилтийн ачаа дарамтыг бууруулах, эрчим хүч, үйлдвэрлэл, зам, логистикийн хоцрогдлыг нөхөх, орон нутагт илүү их эрх мэдэл, төсвийн боломж олгоход чиглүүлсэн байна. Эдийн засгийн өсөлтийг 5.8 хувь, инфляц 7.0 орчим хувьд тогтворжихоор төсөөлж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд, нийт зарлагыг 43.6 их наяд төгрөг байхаар тооцон, төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хоёр хувьд барихаар төсөвлөжээ.
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдэд өгсөн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан нар танилцууллаа.
Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан тусгай шаардлагуудыг хангаж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байгааг аудитын дүгнэлтэд дурдаад, гадаад зах зээлийн нөлөөлөл, экспорт, импортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн, газрын тос, уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт болон манай улсын худалдааны түнш орнуудын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарсан зарим сорилт тулгарч болзошгүйг анхааруулсан байна.
Мөн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн мэдүүлсэн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зорилт хангагдахгүй байх, ач холбогдол нь буурах, төсвийн тогтвортой байдлыг хангах зарчим алдагдаж болзошгүйг тэмдэглэжээ. Түүнчлэн төсвийн төсөл нь Төсвийн тухай хуульд заасан шаардлагуудыг зарчмын хувьд хангаж байгаа боловч төсвийн зарлагын өсөлт, урсгал зардлын хэмжээ ДНБ-ий 30 хувийн хязгаарт ойртсон, орлогын өсөлтөд уул уурхай болон төрийн өмчит компаниудын ногдол ашиг өндөр нөлөөтэй байгаа нь төсвийн тогтвортой байдал, зохистой удирдлагад эрсдэл учруулж болзошгүй гэжээ.
Түүнчлэн түүхий эдийн мөчлөг, гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч төсвийн орлого тасрах, эх үүсвэрийн дутагдлыг дараа жилийн татвараас урьдчилан төвлөрүүлэх эрсдэл үүсэж болзошгүйг анхаарах шаардлагатайг онцолсон байна. Цалин, тэтгэвэр нэмэх нь өрхийн орлого, эдийн засгийн дотоод эргэлтийг дэмжих боловч эрэлтээс шалтгаалсан инфляцыг өдөөх эрсдэлтэй тул үнийн өсөлтөөс иргэд, аж ахуйн нэгжийг хамгаалах үүднээс стратегийн зарим бүтээгдэхүүний нөөцийг тогтворжуулах шаардлагатайг тэмдэглэжээ. Мөн төсвийн зарлага өмнөх оныхоос 32.2 хувиар нэмэгдэж, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх санхүүгийн орон зайг хязгаарлахаар байгааг анхаарах шаардлагатайг онцолсон байна.
Зардлыг бууруулах зарим боломж байгааг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн дүгнэлтдээ мөн тэмдэглэж, зарим төсөл, арга хэмжээний төсвийг хүрэх үр дүнтэй уялдуулаагүй, өмнөх жилийн төсвийг суурь болгон өсөн нэмэгдэх байдлаар төлөвлөдөг алдаа, дутагдал байгааг анхаарууллаа.
Төсөл, арга хэмжээний шинжилгээг бүрэн хийгээгүй, үндэслэл, тооцоо дутмаг, хэрэгцээ, шаардлагыг бүрэн үнэлээгүй, үр ашгийг хэмжигдэхүйц байдлаар дүгнээгүй зэрэг нь тэдгээрийг тодорхойлж, ач холбогдлоор нь эрэмбэлэх боломжийг хязгаарлаж байгааг тэрбээр хэлэв. Мөн төсөвлөлтийн шаардлага хангахгүй барилга байгууламж, их засварын ажлуудыг төсөвт тусгасан алдаа, дутагдал байгааг санууллаа.
Барилга байгууламжийн хүчин чадлын жишиг үнэлгээ, төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох аргачлалыг боловсронгуй болгож, эрх зүйн орчныг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулах, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлын өртгийг бодитой, үндэслэлтэй тооцох, хяналтыг сайжруулах шаардлагатай гэж дүгнэжээ.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтэд төсвийн бодлого, эрх зүйн орчны өөрчлөлт нь төсвийг тэлэх үндсэн шалтгаан болж байгааг онцолж, эрх зүйн шинэчлэлийг эдийн засаг, улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцож хийх нь зүйтэй гэж зөвлөснийг тус зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан тэмдэглэв.
Эдийн засгийн бүтцийн гажуудалтай нөхцөлд төсвийн зарлагыг тэлэх нь дунд хугацаанд төсвийн эрсдэлийг улам нэмэгдүүлэхээр байгаа бөгөөд төрийн өмчит компанийн ногдол ашгийн тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлэх нь төрийн өмчийн хяналт, нэгдмэл бодлогод эерэг нөлөөтэй ч татварын бус орлогын огцом өсөлт, түүний найдвартай байдал, уул уурхайн салбараас хамаарах байдал, тухайн орлогоос урсгал зардлыг санхүүжүүлж байгаа зэрэг нь төсвийн орлого, зарлага, тэнцэл, гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг онцолсон юм.
Урсгал зардалд байнгын шинжтэй зардлын эзлэх хувь улам нэмэгдэж байгаа нь дунд хугацааны төсвийн бодлогын орон зайг улам шахах эрсдэлтэйг тэрбээр хэлж, хөрөнгө оруулалтыг зөв эрэмбэлэх, хэрэгжилтийн хугацаа, төсвийн хэтрэлтэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатайг дурдлаа.
Мөн Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдлийн хэмжээ болон ДНБ-д эзлэх хувь 2025 оны жилийн эцсийн байдлаар 35.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.4 хувь байсан бол 2027 оны төсвийн төсөлд 56.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 49.6 хувьд хүрэхээр байгаа нь эргэн төлөлт, өрийн үйлчилгээний зардал, ханшийн эрсдэлийг нэмэгдүүлэх нөлөөтэйг анхааруулжээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгагдсан тусгай шаардлагуудаас суурь тэнцлийг хангасан эсэх нь тодорхойгүй, мөн урсгал зардал 30 хувьд дөхсөн зэрэг анхаарах асуудал байгааг онцолсон юм. Хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төсвийн зарлагын тусгай шаардлагыг өөрчлөхөөр тусгасан нь төсвийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэжээ.
Монгол Улсыг Ерөнхий сайдын танилцуулга, аудитын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, Б.Уянга, Ж.Батжаргал, Г.Лувсанжамц, Д.Энхтүвшин, С.Зулпхар, Ж.Галбадрах, Б.Пүрэвдорж, Д.Үүрийнтуяа, П.Наранбаяр, П.Сайнзориг, Р.Эрдэнэбүрэн, О.Номинчимэг, А.Ариунзаяа, Ө.Шижир, Г.Хосбаяр, М.Мандхай, Б.Бейсен, Б.Жаргалан, Д.Энхтуяа, Д.Ганбат, О.Амгаланбаатар, Г.Очирбат О.Саранчулуун, Ж.Баярмаа нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон холбогдох албаны хүмүүсээс хариулт авав.
Улсын Их Хурлын гишүүд 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлгийн үеэр шинээр хөрөнгө оруулалтын төсөл эхлүүлэхээс өмнө олон жил үргэлжилж буй төслүүдээ дуусгах, хугацаа сунжирч, өртөг зардал нэмэгдэж буй шалтгааныг тодруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг үр дүн, бүтээмжтэй уялдуулах шаардлагатайг онцоллоо. Мөн Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн төсөв, төлөвлөлтөө сайжруулах, гүйцэтгэл, хэрэгжилттэй нь уялдуулан зөрчил, дутагдал гаргасан төсвийн захирагчдад хариуцлага тооцож ажиллах нь зүйтэйг хэлэв.
Төсвийн хэлэлцүүлгийн эрэмбэ, дарааллыг чанд баримталж, Засгийн газар зардлаа хэмнэн төсвийн бодлогыг сайжруулах, төрийн өмчит компаниудын өр, авлага, ашиг, ногдол ашгийг нарийвчлан тооцож, улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг бодитой төлөвлөхийг гишүүд зөвлөлөө. Түүнчлэн төрийн өмчит компаниудын ашгийн 34 хувийг Хуримтлалын санд төвлөрүүлж, үлдэх орлогоос улсын төсөвт төвлөрүүлэх боломж, “Оюутолгой” ХК-аас авах ногдол ашгийг зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтад чиглүүлэх нь зүйтэйг дурдав.
Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг таван жилийн үндсэн чиглэл, хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, авто замын төслүүдийн үр ашгийг тооцох, хөрөнгө оруулалтын бүтцийг оновчтой болгох талаар гишүүд асуулт тавилаа. Мөн “Гэрт ойрхон сургууль”, “Ухаалаг, ногоон сургууль” хөтөлбөрийн хэрэгжилт, боловсролын салбарын сургалтын орчин, хүртээмжид анхаарахыг зөвлөв.
Иргэдийн хамгийн их сонирхож байгаа ипотекийн зээлийн шалгуурыг хөнгөрүүлэх, зээлийн журам, хүү, орон сууцны талбай болон байршилтай холбоотой мэдээллийг тодруулахын зэрэгцээ тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх санал гаргалаа.
Мөн “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж байгаа ч бүтээгдэхүүний үнэ өсөж буй шалтгааныг тодруулах, худалдааны салбарыг дэмжих, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, эмийн үнэ, хангамжид анхаарах асуудлыг хөндлөө. Эрчим хүчний хангамж, эх үүсвэр, тохируулгын хүчин чадлыг нэмэгдүүлэх, үнэ тарифыг зохицуулах, говийн бүсийн дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатайг мөн дурдав.
Гишүүд төсөв тэлэхээс үүдэх эрсдэлийг тооцож, инфляцыг хазаарлах, өрхийн бодит орлогыг хамгаалах, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийг дэмжих бодлогыг төсвийн төсөлтэй уялдуулах шаардлагатайг онцоллоо. Уул уурхай болон түүнээс хамааралтай салбарын өсөлтийн үр өгөөжийг бусад салбарт хүртээх, орон нутгийн төсвийн хэрэгцээг бодитой тооцох, ашигт малтмалын экспортын орлого эдийн засагт бүрэн төвлөрч байгаа эсэхийг нягтлахыг зөвлөв.
Түүнчлэн мал сүргийг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх вакцины санхүүжилт, малын гоц халдварт өвчний нөхөн төлбөр, орон нутгийн эмнэлгийн эмийн захиалга, эрүүл мэндийн байгууллагуудын өр, авлага, эмийн чанар, санхүүжилтийн хяналтыг сайжруулах асуудлыг хөндлөө. Хөдөө аж ахуйн боловсруулах салбарт хөрөнгө оруулалт хийх, эмч, эмнэлгийн ажилтны цалин, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр багш, мэргэжилтний хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатайг мөн хэлэв.
Асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, С.Замира, Б.Бейсен, Д.Ганбат, О.Саранчулуун нар үг хэлж, нэгэнт эхлүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг дуусгах, дэд бүтцийн төслүүдийн гүйцэтгэл, санхүүжилтийг шийдвэрлэх, сургууль, цэцэрлэгийн бүтэц, орон тоог хянах, хөгжлийн томоохон төслүүдийг урагшлуулахад анхаарах, мөн төсвийн хэлэлцүүлгийг шуурхай явуулж, өвөлжилтийн бэлтгэлээ шуурхайлахыг уриалан, төсвийн төсөлд дүн шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмжид өгөхдөө хяналтын байгууллагууд мэргэжлийн өндөр түвшинд ажиллахыг зөвлөсөн юм.
Энэчлэн иргэдийн татвар, шимтгэл, үнэ төлбөрийн дарамтыг бууруулах, авлига, хулгайтай үр дүнтэй тэмцэж, хохирлыг барагдуулах, тусгай хэрэгцээт иргэдийг төрийн үйлчилгээнд тэгш хамруулах, хөрөнгө оруулалт, төсөв, зардлыг бүс нутгийн онцлогт тохируулан төлөвлөх шаардлагатайг онцлов.
Ингээд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад Байнгын хороонд шилжүүллээ.
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв
Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлт дараа нь хэлэлцэв.
Дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Болдбаатар танилцууллаа. Энэ оны зургадугаар сарын 24-д хуралдсан дунд суудлын хуралдаанаар иргэн Д.Буянзаяа, Л.Энхтуяа, Ж.Зоригтбаатар, С.Номынбаясгалан, түүний өмгөөлөгч О.Билгүүн нарын гаргасан Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ гэж заасан нь Монгол Улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч мөн 16 дугаар зүйлийн 3 дахь заалтын хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, мөн зүйлийн 8 дахь заалтын үр шимийг нь хүртэх эрхтэй гэснийг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ.
Маргааныг хянан хэлэлцээд дээр дурдсан заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч мөн”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, мөн зүйлийн 8 дахь заалтын “үр шимийг нь хүртэх эрхтэй” гэсэнд нийцээгүй байна гэж дүгнэжээ. Ингээд хуулийн дээрх хэсгийг энэ оны зургадугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, О.Номинчимэг нар асуулт асууж, үг хэлэв. Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцлоо.
2026 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэнэ
Үүний дараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль, тогтоолын төслүүдийн танилцуулгыг Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.
Засгийн газраас энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр дээрх хуулийн төслүүдтэй хамт Үндэсний баялгийн сангийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн юм. Мөн МонголУлсын 2026 оны төсвийн тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулсан байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд уул уурхайн олборлолт, ашиглалт, ашигт малтмалын боловсруулах салбар дахь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ноогдох ноогдол ашгийн орлогоос тус санд хуваарилаад үлдэх хэсгийг улсын төсөвт ноогдол ашгийн орлого хэлбэрээр төвлөрүүлэх харилцааг тусгасан байна. Мөн Хуримтлалын сангийн хөрөнгийн удирдлагын тодорхой хэсгийг Чингис хаан баялгийн сан нэгдэл ХХК хэрэгжүүлж сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх юм.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ор оруулах тухай хуулийн төсөлд төрийн өмчийн оролцоотой компанийн хөрөнгийн хувьцааг зах зээлд санал болгож арилжаалах үйл ажил ажиллагааны хугацаа, зардлыг бууруулах, зах зээлийн бодит үнэлгээг бий болгох, өмчлөл, компанийн засаглал, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, уламжлалт санхүүгийн хэрэгслийг орчин үеийн дэвшилтэт дэд бүтцийг ашиглан олон улсад гаргаж арилжаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зохицуулалтуудыг оруулсан байна.
Түүнчлэн нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тэтгэвэр авагч ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлж нийгмийн хамгааллын баталгааг хангах, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалаас даатгалын сангаас тэтгэвэр авагч ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Улсын Их Хурлын тогтоолын төслүүдэд Засгийн газрын өрийн багцын гадаад валютын эрсдэлийг бууруулах, төрийн өмчит компаниудын үр ашгийг сайжруулж, олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангах асуудлуудыг тусгажээ.
Хууль, тогтоолын төслүүдийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хороны дарга Б.Заяабал танилцуулав. Хууль, тогтоолын төслүүд батлагдсанаар төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа олон улсын жишигт нийцсэн, ил тод болж, хуримтлалын сангийн хөрөнгө болон ноогдол ашиг хугацаандаа төвлөрөх, хөрөнгийн зах зээл идэвхжиж дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдэхийн зэрэгцээ 400 гаруй мянган ахмад настан, цэргийн алба хаасны тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр олгох хугацааг наашлуулж, нийгмийн баталгааг сайжруулна гэдгийг тэрбээр онцлов.
Байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Л.Соронзонболд нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн төрийн өмчит компаниудын өмнөх жилүүдэд зарцуулсан төсвийн зарлагын гүйцэтгэлийн талаар Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал хэлсэн байна.
Хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал дэмжиж батлахгүй бол төсвийн тодотголын төсөлд ямар өөрчлөлт орох, сангийн хөрөнгийг хэрхэн арвижуулах, Оюутолгой ХК-аас авах ноогдол ашгийн хэрхэн үр ашигтай, хяналттай зарцуулах, аж ахуйн нэгж, байгууллага ажилтан, албан хаагчдынхаа 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах тухай хуулийн хэрэгжилт болон тэдний ажил эрхлэлтийг дэмжих төслийн үр дүн ямар байгаа, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тохиолдлыг хэрхэн бууруулах талаар асууж, хариулт авсан юм.
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг дараа нь явуулав. Хууль санаачлагч, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж төслийн танилцуулгыг хийлээ.
1998 онд батлагдсан тус хуулийн дагуу нэхэмжлэл гаргах хугацааг нийтдээ таван удаа сунгаж байжээ. Хамгийн сүүлд тогтоосон хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-нд дууссан байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхийг хугацаагүй болгохоор хуулийн төсөлд тусгасан байна. Одоогоор шийдвэрлэгдээд байгаа хүсэлт нэхэмжлэлийн дагуу 1.8 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох тооцоолол гараад байгаа ажээ.
Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, П.Сайнзориг нар асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Д.Цогтбаатар, П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Ц.Сандаг-Очир нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжжээ.
Хуулийн төсөлд гомдол гаргагчийг хэлмэгдсэн гэдгээ нотлох, баримт сэлт гаргаж өгөх үүргээс нь чөлөөлсөн заалт тусгасан нь орчин цагт хэрхэн үйлчлэх талаар Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун асууж, хариулт авав. Хууль санаачлагч, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж түүний асуултад хариулахдаа орчин үед улс төрийн хэлмэгдүүлэлт тодорхой хэмжээгээр байгаа гэж үздэгээ илэрхийлээд, үүнийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх учиртай боловч шийдэгдэхгүй, улс төрийн өндөр албан тушаалаар хаацайлж үлдэх тохиолдол гарч байна гэсэн юм.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт гүтгэх, доромжлох явдал хэрээс хэтэрч байгааг дурдаж, хүн гутаадаг, доромжилдог, хуурамч хаягаас элдэв янзаар хэлдэг явдлыг цэгцлэх хэрэгтэй гэлээ. Бодитой шүүмжлэл гаргах, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлахгүй, гагцхүү ил тодоор, хуурамч, нууц хаяг хэрэглэлгүй, чин шударгаар хэлж байх ёстой гэдгийг тэрбээр онцолж, ийм хэлмэгдүүлэлт, хүний эрхийн зөрчил их байгааг анхаарч ажиллахыг зөвлөлөө. Эрүүгийн хуулийн гүтгэлгийн тухай заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосонтой холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж, чиглэл өгсны дагуу хуулийн төслийг Улсын Их Хуралд яаралтай өргөн барихыг тэрбээр Засгийн газарт даалгав.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55 хувь нь дэмжлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.