“Орчин үеийн Алтайн түүх судлал, цаашдын чиг хандлага” сэдвийн хүрээнд болсон есдүгээр салбар хуралдаанд Унгар Улсын Үндэсний бодлого хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга, ноён Потапи Арпад үндсэн илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн юм. Тус улсын Засгийн газраас гадаад улс, орнууд дахь унгар иргэдийн талаар явуулж буй бодлогын талаарх илтгэлдээ тэрбээр Карпатын сав газрын ард түмний түүх, Австри-Унгарын эзэнт гүрэн болон түүний задралын талаар товч дурдаад, эдүгээ дэлхий даяар нийт 15.0 сая орчим унгар үндэстэн байгаагийн 5.0 сая орчим нь гадаадад амьдарч байгаа талаар ярисан юм. Тэдний 2.0 сая нь хөрш зэргэлдээ Словак, Серб, Украин, Хроват, Словен, Австри улсуудад тархан суурьшсан бөгөөд Европын бусад улсууд, Хойд, Өмнөд Америкын улс орнууд, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Израиль зэрэг улад нийтдээ 2.5 сая унгар үндэстэн байгаа ажээ.
Унгар Улсын Засгийн газраас гадаад улс орнууд дахь иргэддээ чиглэсэн соёлын болон боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд 2010 оноос хялбаршуулсан журмаар Унгар Улсын иргэншилд шилжих хуулийг хэрэгжүүлж байна. Энэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээр 1.1 сая унгар хүн эх орныхоо иргэншилд шилжин иржээ. Боловсролын бодлогын хүрээнд эх хэлээрээ боловсрол эзэмших явдлыг хөхиүлэн дэмжиж, сургуулийн өмнөхөөс эхлэн их сургуулийг дүүргэх хүртэлх бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаанд төрөлх хэлний сургалтыг чухлаар тавьдаг байна. Залуучуудад зориулсан олон төрлийн аяллын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, унгар иргэд оршин амьдарч буй улсууд болон Унгар Улсын хооронд аялуулах, хурдан морины уралдаан, Хүннү-түрэг үндэстний овгийн Хуралдай чуулган зэрэг соёлын арга хэмжээ зохион байгуулдаг ажээ.
Алтайн түүх судлалын асуудлаарх салбар хуралдааны чиглүүлэгчээр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Борбала Обрущански ажилласан бөгөөд тэрбээр түүхч, монгол судлаач хүн юм. Түүний судалгааны ажлын үндсэн сэдэв нь Алтай язгуурын нүүдэлчин үндэстнүүдийн нийгмийн бүтцийн асуудал бөгөөд үүнийхээ хүрээнд тэрбээр Алтай язгуурын өвөг хэлнүүдийн харцуулган судалгааг хийсэн байна.
Элчин сайд, хатагтай Борбала Обрущански салбар хуралдаанд тавьсан илтгэлдээ Карпатын нуруу, түүний сав газрын ард түмнийг хэл, соёл, түүх, археологийн талаас судлахаас гадна сүүлийн жилүүдэд генетикийн талаас шинжлэн судлах болсныг онцолж, унгар болон хүннү нарын өвөг удам, тэдний харилцан хамаарал, эртний түүхийн талаарх сурвалж, судалгааны голлох үзэл санаа, чиглэлүүдийн талаар тоймлон ярив. Тэрбээр, Хятадын сурвалж бичгүүд дэх Хүннүгийн талаарх мэдээ баримт, тэдгээрийн орчуулга, нэр томъёоны асуудлыг хөндөн ярьж, энэ талаарх орчин үеийн судлаачдын бүтээлүүдээс тоймлон дурдав. Өнгөрсөн зууны дунд үеэс тус улсын зарим эрдэмтэд “морьт ард түмэн”-ий цусан тангараг өргөж ахан дүүс бололцох, анд барилдах уламжлалыг гэрээ, эрх зүйн томоохон үйл ажиллагаа хэмээн үзсэнийг тэрбээр онцолж, энэ үзэл санааг Унгарын эрх зүйн түүхчид хүлээн зөвшөөрөх болсныг онцлон, цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатайг тэмдэглэв. Мөн тал нутгийн нүүдэлчдийн төрийн мөн чанар овгийн чуулганд суурилж байсныг дурдаад, ихээхэн ардчилсан шинж чанартай энэхүү чуулганыг 13 дугаар зуунд “Хуралдай” хэмээн нэрийдэх болсныг өгүүлж, марксист түүхчдийн үечилсэн шиг “нүүдэлчдийн феодализм” гэж огт байгаагүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор О.Самбуудорж, Алтай дамнасан ард түмнүүдэд хэл, соёлын нийтлэг болон газар нутаг, байгальтайгаа харилцах өвөрмөц давуу тал байгаа талаар илтгэл тавив. Тэрбээр, нүүдэлчин ард түмнүүд нутаг, байгалийн өгөөж шимийг сорчлон нүүдэллэж амьдрахдаа тэрхүү нутаг, байгальдаа ахуй заншил, соёл, уламжлалын үнэт зүйлсээ шингээн мөнхүүлж ирсэн онцлоготой хэмээгээд, хэл, соёлын хэлхээ холбоогоо давуу тал болгон, эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, судалгааны өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой гэлээ.
Мөн салбар хуралдаанд Унгарын Шинэчлэлийн сүмийн Кароли Гаспарын Их сургуулийн профессор, түүхэн сэлэмний урлагийн “Алтан сэлэм” сургуулийг үндэслэгч, доктор Чаба Хидан Төв Азийн нүүдэлчин ард түмний цэрэг, дайны зэвсэг, тэр дундаа сэлэмний талаар өгүүлсэн илтгэлдээ, Хүннү болон бусад өвөг үндэстнүүд, мажар, монгол дайчид маш сайн харваач байсныг эртний түүхт хот балгад, сүмийн хананд гарсан сумны ормууд илтгэн харуулдгийг дурдаж, Култегиний түүх зэрэг сурвалж бичгүүдэд сэлэмт байлдаан ихээр хийдэг байсныг тэмдэглэн үлдээсэн байдаг гэсэн юм. Скитүүд 1.2 метр хүртэл урт сэлмээр байлдаж байсныг нотолсон археологийн олдвор байдгийг тэрбээр дурдаж, түрэг угсаатнуудын хоёр талдаа иртэй, мөн хэмжээний урт сэлэм, Иссикулийн “Алтан сэлэм” хэмээх үзмэр, Хүннү, Монголын эзэнт гүрний үеийн сэлэмнүүд, Азербайжанд 1935 онд олдсон бүрэн зэвсэглэсэн монгол жанжны зураг зэрэг түүхийн чухал баримтуудыг онцлон нэрлэсэн юм. Мөн, Карпатын сав газраас олддог Авас нарын төмөр, ган зэвсгүүд, дуулга малгайн иж бүрдлийн талаар ярьж, Алтайн ард түмнүүдийн цэргийн эрдмийн чухал хэрэглэгдэхүүн нь сэлэм байсан бөгөөд энэ талаарх түүхэн хэлхээ холбоо байгаа талаар өгүүллээ.
Салбар хуралдааны чиглүүлэгч Элчин сайд, хатагтай Борбала Обрущански илтгэгч нарт талархал илэрхийлээд, Алтайн түүх судлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэх орон зай байгааг цохон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.