Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Barimt.mn
2026/05/05

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн бүтээн байгуулалтыг өнөөдөр эхлүүллээ. Тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд барих юм.

Нээлтийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа, төслийн төрийн түншлэгч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хувийн хэвшлийн түншлэгч “Митайм Интернэйшнл” компанийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцов.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2023 оны аравдугаар сард хотын даргаар томилогдоод эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зоригтой шийдлүүдийг төлөвлөсөн. Бид анхны дотоод бондыг 2024 онд гаргаж, улмаар Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг төвийн эрчим хүчний системд чухал хэрэгцээтэй цаг үед ашиглалтад оруулж, эрчим хүч нийлүүлсэн. Эрчим хүчний төслүүдийг улаанбаатарчууд, эрчим хүчний салбарынхан сүүлийн 40 жил хүлээсэн. Өнгөрсөн хугацаанд улс төрчдийн эрх ашиг, популизм зэргээс ажлыг үргэлж зогсоож ирсэн. Харин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж, 2028 онд бүрэн ашиглалтад оруулна. Төслийг эхлүүлсэн, өнгөрсөн хугацаанд бэлтгэл ажлыг хийж ирсэн бүх хамт олондоо талархал илэрхийлье. Энэ жил Улаанбаатар хотод Дулааны тавдугаар цахилгаан станц, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг түшиглэсэн цахилгаан станц, Дамбадаржаа станц, Дэнжийн мянга станц, хийн станцууд, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, Хүннү хотын станц гээд хэд хэдэн станцын төслийг хэрэгжүүлнэ. Агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийг ая, тухтай амьдруулах томоохон төслүүдээ урагшлуулахын төлөө үргэлж ажиллана. Ард түмэнд амлалтаа биелүүлж, цаг хугацаандаа төслийг ашиглалтад оруулахын төлөө ажиллацгаая” хэмээн онцоллоо.

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Ялангуяа Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг нийслэлийн баруун бүсийн өсөн нэмэгдэж буй суурьшлын бүсүүдийн эрчим хүчний хангамжийг тогтвортой шийдвэрлэх ач холбогдолтой. Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд үүний 80 хувийг хувийн хэвшлийн түншлэгч, 20 хувийг төрийн түншлэгч тал хариуцах юм. Нийслэлийн зүгээс төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх хүрээнд дотоодын санхүүгийн зах зээлд 200 тэрбум төгрөгийн бондыг амжилттай гаргасан.

Монгол Улсад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл 43 жилийн туршид өндөр хүчин чадлын цахилгаан, дулаан хосолсон станц ашиглалтад ороогүй. Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд дэд бүтцэд ойр байршилд баригдаж, дотоодын нүүрсний нөөцөд тулгуурлан ажиллана. Орчин үеийн өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлж, ялгарлын хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн бууруулснаар агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна. Мөн шинэ орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж өргөжиж, хотын эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанарт бодит эерэг нөлөө үзүүлэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ жил 1.1 сая тонн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана 2026/10/12
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалты… 2026/10/12
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зэ… 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний 60 мянган м.куб багтаамжтай … 2026/10/08
Хэнтий аймгийн Биндэрт ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил үргэлжилж байн… 2026/10/08
Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар иргэдийн гаргасан өргөдлийг х… 2026/10/07
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновч… 2026/10/07
2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хув… 2026/10/06
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 2026/10/06
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай… 2026/10/06
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сурга… 2026/10/05
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сай… 2026/09/28
“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 2026/09/26
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх, 2026 о… 2026/09/26
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад айлчилна 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү … 2026/09/25
Өнөөдрийн чуулганаар юу хэлэлцэх вэ? 2026/09/25
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 2026/09/25