ҮСХ-ны дарга Б.Батдаваа: С.Батболд гишүүнтэй би ямар ч хамааралгүй

0
4770

ҮСХ-ны дарга Б.Батдаваа гэр бүлийн хүний нүүрсний компанитай холбоотойгоор  дараах тайлбар ярилцлагыг өгчээ.

ҮСХ-ны дарга Б.Батдаваа“Нүүрсний сонсголын үеэр надтай холбоотой ташаа мэдээлэл явсан. Би ямарваа нэгэн нүүрсний компанийн хувьцаа эзэмшдэггүй. Гэр бүлийн хүн маань нүүрсний компанид ажилладаг нь үнэн. Манай эхнэрийн компанийг 1.2 сая тонн нүүрс гаалийн тээвэрлэлтгүй гаргасан байх магадлалтай гэсэн дүгнэлт нь эндүүрэл байж болзошгүй юм. 2020 оноос ковид гарсан. Нүүрс ачсан машин анх хөдөлсөн цэгээс гараад ковидын халдвар дэглэмтэй холбоотойгоор шууд хилээр гарч чадахгүй, хүлээгдэх, машин солигдох гэх мэтээр шууд гарч чадахгүй нөхцөлд байсан байна. Гэтэл шинжээчийн дүгнэлт нь машин хөдөлсөн буюу хоёрдугаар цэгээс эхлэж тооцоод дөрөвдүгээр цэг буюу шууд хилээр гарах ёстой гэсэн таамаглалыг дэвшүүлж 1.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүйгэр гаргасан юм байна гэх дүгнэлтэд хүргэсэн байж болзошгүй байна. Энэ нь халдвар хамгааллын дэглэмийн үеийн машин солигдож гарах, хүлээгдэхийг тооцож үзээгүй шинжээчийн дүгнэлт байж болзошгүй байна. Одоо үүнийг шалгаж тогтоох газар нь тогтооно биз ээ” гэсэн тайлбарыг өгчээ.

Мөн тэрээр УИХ-ын гишүүн С.Батболд болон Ч.Хүрэлбаатар нартай ямар холбоотой вэ гэх асуултад хариулахдаа: -“С.Батболд гишүүний хувьд би энэ хүнийг танихгүй. Уулзаж байгаагүй. Маш их ташаа мэдээлэл явж байна. Нүүрсний асуудлыг хэнтэй ч хамааралгүй ажлаа хийж байгаа над шиг залуучууд руу чихэх, бурууг тохох гэсэн хандлага гарлаа. УИХ-ын гишүүн С.Батболд, Ч.Хүрэлбаатар гэх мэт маш олон хүнтэй намайг хамааралгүй байхад холбож байна. Би ямар ч холбоо харилцаа, хамааралгүй” гэсэн тайлбарыг өгчээ.