“Гантиг вилла” хотхоныг битүүмжилжээ

0
222

АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.

АТГ-аас Хөгжлийн банкны хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан 52 зээлийг шалгаж эхэлжээ. Мөрдөн шалгах ажиллагааг Ажлын хэсэг байгуулан хийж байгаа бөгөөд зээлийг зориулалтын бусаар зарцуулсан байвал гэрээг цуцлуулах, зээлийг төлүүлэх арга хэмжээ авах аж. Мөн зээл авсан компанийн хөрөнгө, дансыг захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоох, зээл авсан аж ахуйн нэгжүүдийн эцсийн өмчлөгчийг тогтоох, нуугдмал хөрөнгийг илрүүлэн битүүмжлэх юм байна.

Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш нийт 8.5 тэрбум төгрөг эргэн төлөгджээ. Одоогоор Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн 186 үл хөдлөх хөрөнгө, 124 тээврийн хэрэгсэл, 1 үйлдвэрийн барилга, 1 лиценз, 13 дансыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан байна.

Иргэд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэр болон бүртгэлийн маргаантай, хуулийн байгууллагаас хязгаарлалт хийгдсэн эсэхийг нь сайн судалж байж авахыг АТГ сануулав. Жишээ нь “Гантиг вилла” хотхон төслийн хөрөнгөөс 9 блок барилга нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа, мөн хуулийн байгууллага энэ хөрөнгөд хязгаарлалт тогтоожээ. “Гантиг вилла” цогцолборыг УИХ-ын гишүүн асан н.Ундармаатай хамааралтай буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн компани барьсан байна.