Онон-Балжийн байгалийн цогцолборт газар ЮНЕСКО-д бүртгэгдлээ

0
235

Энэ  сарын 12-15-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 35 дүгээр хурлын 6 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Онон-Балжийн байгалийн цогцолборт газар (БЦГ)-ыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажууллаа. 

Онон-Балжийн БЦГ нь Дорнод аймгийн Баян-Уул, Хэнтий аймгийн Дадал, Баян-Адрага, Норовлин, Биндэр сумдын нутаг дэвсгэрт оршдог. Энэхүү газар нутаг нь цэнгэг усны их нөөц бүхий Онон гол, түүний ай сав, ойт хээрийн экосистем, ландшафт экологийн тогтоц болон биологийн олон янз байдлыг хамгаалах, зүй зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлж, байгаль, түүхийн дурсгалт газруудын арвин их нөөцийг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд амьдардаг иргэдийг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой газар нутаг юм.

Тус газар нутгийг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр уг газрын олон улсын ач холбогдол нэмэгдэж, хадгалалт хамгаалалт сайжрах ач холбогдолтой юм.