Самар түүж эхлэх хугацааг нэг сараар хойшлууллаа

0
672

Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмыг шинэчлэн баталжээ. Өмнөх журамд зааснаар хуш модны самрыг есдүгээр сарын 20-ноос дараа оны хоёрдугаар сарын нэгэн хүртэлх хугацаанд түүж бэлтгэхийг зөвшөөрсөн байдаг. Харин шинэчилсэн журамд эл үйл ажиллагааг нэг сараар хойшлуулж, аравдугаар сарын 20-ноос эхлүүлэхээр болжээ. Түүнчлэн жимс, мөөгийг бүрэн боловсорсных нь дараа буюу 7-9 дүгээр саруудад, модны давирхайг 5-10 сард, харин хусны шүүсийг тавдугаар сарын 1-20-ны хооронд бэлтгэхийг зөвшөөрчээ.

Иргэд ойн дагалт баялаг түүж, бэлтгэхдээ харьяа газрынхаа байгаль хамгаалагчаас эрх авах ёстой байдаг. Гэвч ихэнх тохиолдолд зөвшөөрөл авдаггүй аж. Тэгвэл шинэ журамд зааснаар аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, ойн анги, цагдаагийн байгууллага, байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг ойн нөөцийн ашиглалтын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Мөн иргэдийн нэг удаа самар, жимс бэлтгэх дээд хэмжээг 50 кг-аар тогтоосон байна.