Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийлээ

0
3543

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан өнөөдөр хуралдаж, Нийслэлийн 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Төсвийн тодотголын төслийг `Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцууллаа. Нийслэл 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван сая ширхэг үнэт цаасыг арилжаалж, ₮500 тэрбумыг татан төвлөрүүлэхээр шийдвэрлээд байсан. Улмаар Нийслэлийн ИТХ-аас холбогдох төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 429.1 тэрбум төгрөгийн нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргаж, үе шаттайгаар арилжаалан санхүүжүүлэх тогтоолыг өнгөрсөн наймдугаар сард баталсан. Гэвч Санхүүгийн зохицуулах хорооноос “Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг түр хойшлуулсантай холбоотойгоор төсвийн орлого буурч, төсөв алдагдалтай болох нөхцөл байдал үүссэн нь тодотгол хийх үндсэн шалтгаан болж байна. 

Нийслэлийн төсөвт 2023 онд 1,943.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсанаас 10 дугаар сарын төсвийн гүйцэтгэлээр 1,653.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна. Энэ нь төсвийн орлого 24.9 тэрбум төгрөгөөр давж төвлөрсөн гэсэн үг. Тодотголын хувьд төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцсон байна. Үүнд, нийслэлийн нутгийн захиргааны 48 байгууллагын цалингийн зардлын хэмнэлтээр 7.1 тэрбум, Нийслэлийн үнэт цаас гаргах, бэлтгэл ажлыг хангах зардлыг 1.1 тэрбум, нийслэлд хэрэгжиж буй 9 нэр төрлийн төсөл, арга хэмжээний зардлыг нийт 7.8 тэрбум, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ оны төсвийн жилд нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, рейс, цагийг нэмэгдүүлэхээр тооцсон тээврийн үйлчилгээний машин цагийн зардлыг 10.8 тэрбум, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хан-Уул дүүрэг дэх нэгдсэн цогцолбор барилга руу шилжин байрлахаар тооцон төлөвлөсөн 0.8 тэрбум төгрөгийн хэмнэлтийг тус тус хийхээр болж байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын бодит гүйцэтгэл, санхүүжилттэй уялдуулан нийт 9.2 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх юм. Мөн шинээр эхлэх төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулагдаагүй төсөл, арга хэмжээний нийт 6 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Ингэснээр нийт 42.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. 

Тодруулбал,

  • Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрт 27,6 тэрбум
  • Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад шаардлагатай тусгай зориулалтын машин механизм 14,4 тэрбум
  •  Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажилд 0,8 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид асуулт тавьж, саналаа хэллээ. Тухайлбал, 

Төлөөлөгч Б.Мөнхцэцэг: Аливаа техник тоног төхөөрөмж авахдаа үнийн асуудлыг харахаас гадна чанарыг анхаарах хэрэгтэй байна. 

Төлөөлөгч Б.Сүхбаатар: Баянзүрх дүүрэг, Монелын замд бага, сургууль цэцэрлэгийн цогцолборыг барихдаа орц гарцыг зөв тооцоолоогүй. Үүнээс улбаатай осол их гарч байгаа. Тиймээс тэнд зогсоол хийж, хүүхдүүд аюулгүй зорчих эрх зөрчигдөж байгааг шийдвэрлэх хэрэгтэй байна. Нийслэлийн төсвт зогсоол барих санхүүжилт нь шийдэгдээд, компани нь шалгарсан. Одоо газар чөлөөлөх 408 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэх саналыг гаргаж байна. 

Төлөөлөгч М.Говьсайхан: Дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа доголдоход газар чөлөөлөлтийн асуудал удааширдаг. Хоёрдугаарт, хэрэгжилтийн явцад алдаа гарах буюу төлөвлөсөн сургууль, цэцэрлэг болон бусад нийгмийн дэд бүтцийн асуудал баригдахаа больдог. Мөн төсөл хэрэгжүүлэх компанийн санхүүгийн чадамжгүй байдал нь төслийг удаашрах, зогсох нөхцөл болж байна. Эцэст нь дэд бүтцийн асуудал үүсдэг. Тиймээс Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төвийг түшиглэж гэр хорооллыг хөгжүүлэх шаардлагатай байна. Тиймээс 158 га гаруй талбайд хэрэгжүүлэх Сэлбэ дэд төв төслийн ТЭЗҮ болон зураг төслийг боловсруулах 3.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгаж өгнө үү. 

Төлөөлөгч Ү.Оюунзул: Бид хүүхдийн автобусны зардлыг дараа жилийн төсөвт тусгаад, автобус оруулж иртэл сурагчид, хүүхдүүд маань энэ өвөл даарна. Тиймээс энэ асуудлыг бид яаралтай шийдвэрлэхийн хүрээнд хоёрдугаар хэлэлцүүлэг дээр хүүхдийн автобусны судалгааг холбогдох газраас авахыг хүсэж байна. Улмаар үүн дээр яаралтай арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Түүнчлэн НИТХ-ын тогтоолоор зарим хороодыг хуваасан. Хуваасан хороодын байр, өрхийн эмнэлэг зэрэг төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэх нөхцөл боломжийг хэрхэн хүргэх вэ. 

Төлөөлөгч: Б. Өнөбат: Яармаг орчмын бүсийн айл өрхүүдийн зэвтэй усны асуудал сүүлийн 2.5 жил ярьж байна. Төв магистрал шугамыг нь солиход шаардлагатай 6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаж өгөөрэй. Мөн Яармагт 2011 оноос хойш нэг ч сургууль, цэцэрлэг барьж байгаагүй. Одоо л нэг сургууль, хэд хэдэн цэцэрлэг барьж байгаа. Эдгээр ажлыг хурдтай урагшлуулахад Хотын дарга анхаараарай. 

Төлөөлөгч Ж.Сандагсүрэн: Улаанбаатар бонд гаргаж, Сэлбэ сэргэлт төсөл болон утаагүй түлшний асаагуурын асуудлыг шийдвэрлэх үүргийг Засгийн газраас нийслэлд өгсөн. Бид хүлээсэн үүргээ биелүүлсэн шүү гэдгийг Засгийн газрын түвшинд хотын дарга хэлэх хэрэгтэй. Олон улсын бонд гаргана гэдэг хэцүү. Хэрэв олон улсад бонд гаргахаар шийдэж байгаа бол эртнээс төлөвлөж, бэлдээрэй гэж хэлмээр байна. Шинэ түлшний хувьд дангаараа асуудал шийдэхгүй. Давхар зуухаа шинэчлэх шаардлага үүснэ. Тиймээс хэсэг хэсэг газарт нэг мөр түлш, зуухтай нь шийдэх саналыг гаргаж байна. Сэлбэ сэргэлт төслийн хувьд богино хугацаанд, үр дүнгээ өгөх төсөл байсан. Тиймээс энэ төслийг татаж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллараай гэж хэлье. 

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ сарын 17 буюу ирэх баасан гарагт хийнэ.