ЗГ: Д.Эрдэнэбилэг гурван тэрбумын барьцаа тавиад хилийн хоригоо цуцлуулсан байна

0
852

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулж байсан “сахал” Д.Эрдэнэбилэг хилээр гараад эргэн ирээгүй байгаатай холбогдуулж, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат /2023.06.27/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төрийн өмчийн гол гурван үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдсон Д.Эрдэнэбилэг оргон зайлсан нөхцөл байдалтай байна. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холботой маргааныг 2019 оноос, “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлалтай холбоотой хэргийг 2020 оноос эхлэн АТГ шалгаж байна. АТГ 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд хэргийг прокурорт шилжүүлсэн. Харин Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч 2023 оны хоёрдугаар сарын 9-нд шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлтэд “Д.Эрдэнэбилэг нь Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай учраас хилийн хориг цуцалж өгөөч” гэсэн. Энэ хүсэлтийг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нарт мэдэгдэлгүйгээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэрэг шийдсэн.

Д.Эрдэнэбилэг нь 14 хоног эмчлүүлэхээр 3 тэрбум төгрөгийн барьцаа тавьснаар хилийн хоригийг нь цуцалсан. Гэтэл Д.Эрдэнэбилэг нь 2023 оны хоёрдугаар сарын 9-нд хилээр гараад өнөөдрийг хүртэл улсын хилээр орж ирээгүй. Яллагдагч гадаад руу явсны дараа ямар үйл явдал болсон бэ гэхээр 2023 оны дөрөвдүгээр сард прокуророос хэргийг буцаагаад АТГ-т ирүүлсэн. Хэргийн гол эзэн яллагдагч Д.Эрдэнэбилэг байхгүй байна гээд мөрдөн байцаалтад буцаасан. Ингэснээр энэ хэрэг эргэж хэзээ сэргэх вэ , шүүхээр шийдэгдэх вэ гэдэг нь ойлгомжгүй болж байна. Хэргийн хохирогч болох Засгийн газар, өмгөөлөгч нарт мэдэгдэлгүйгээр шүүхээс шийдвэр гаргаад өнөөдрийг хүргэсэн.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн өмгөөлөгч нар прокурорт хандан “Хэрэгтэйгээ танилцая” гэхэд хүсэлтийг нь хангахгүй яваад байсан. Ингэж явсаар саяхан Д.Эрдэнэбилэг Монголд байхгүй, шүүхээс хилийн хоригийг нь цуцалсан шийдвэр гаргачихсан тухай мэдлээ. Монгол Улстай ямар ч ялтан шилжүүлэх харилцан гэрээ байхгүй, харилцан гэрээ байхгүй, “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр 4 их наядын хохиролтой, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” дээр 2.8 их наядын хохиролтой, “Цемент шохой үйлдвэр” дээр 300 тэрбумын хохиролтой, нийт 7 их наяд төгрөгийн хохиролтой хэрэг дээр 3 тэрбумын барьцаа тавиад алга болчихсон. Ийм үйл явдал бол шүүхийн үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй байна гэж үзэж, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүгчийг шалгаж өгөөч ээ гэдэг хүсэлтийг АТГ-т гаргаж байна. Жирийн иргэнийг шалгаж байгаа хэрэг дээр маш хурдан баривчилдаг, хилийн хориг тавьдаг байтал төрийн өмчит компаниудын хэрэг дээр ийм шийдвэр гаргасан нь ашиг сонирхлын зөрчил үүссэн.

Энэ хэрэг зөвхөн Д.Эрдэнэбилэгтэй холбоотой асуудал биш бусад 21 хүнийг ингээд явуулчихсан юм биш биздээ. Нэг ч мэдээллийг Загсийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт өгөөгүй. Б.Болор, Д.Эрдэнэбат, Ц.Пүрэвтүшин, О.Орхон, н.Батбаяр, н.Энхболд гээд энэ хүмүүсийн хувьд хилээр гараад явсан юм биш биз дээ. Ямар таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм бэ гэдэг мэдээллийг дэлгэрэнгүй өгөөч ээ гэдэг хүсэлт гаргаж байна” гэв.