Төрийн үйлчилгээний хүнд суртал, ёс зүйд хамаарах 40 гомдол, мэдээллийг шалгажээ

0
194

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 6 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, албан тушаалтны ёс зүйтэй холбоотой иргэн, байгууллагаас ирүүлсэн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, МУИС, “Хүрээ” амаржих газар, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв зэрэг байгууллага, албан тушаалтанд хамаарах нийт 40 гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Төрийн байгууллага, албан тушаалтан авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг хүчингүй болгох, өөрчлөх саналыг тухайн байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит хязгаарлагдмал хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2014 оны А/25 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Биржийн нууц хамгаалах, нууц баримт бичигтэй ажиллах журам”, хоёрдугаар хавсралтаар баталсан “Байгууллагын нууцын жагсаалт”, гуравдугаар хавсралтаар баталсан “Нууц баримт бичигтэй танилцах эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-ыг тус тус хянан үзэж, хуулиар ил тод байх ёстой мэдээллийг байгууллагын нууц болгон журамлаж, үүнээс улбаалж тухайн байгууллагын үйл ажиллагаанд иргэд, олон нийт хяналт тавих, санал дүгнэлт өгөх боломжийг хязгаарлаж, авлигын гэмт хэрэг, зөрчил гарах эрсдэлийг бий болгосон байх тул журмыг бүхэлд нь хүчингүй болгох санал гаргаж хүргүүлсэн байна.

Авлигын эсрэг сургалтад 529 иргэн, албан тушаалтан хамруулжээ.