Чуулга уулзалтын хүндэт зочид илтгэлээ тавилаа

0
289

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулга уулзалтыг нээж үг хэлсэн. Түүний дараа Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд даргаКим Ён Жү, Стэнфордын их сургуулийнАзи-Номхон далайн судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор  Жи Вук Шин, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мун” сангийн тэргүүн Бан Ги Мун  нар нээлтийн үйл ажиллагаанд оролцож, илтгэл тавьж, үг хэллээ. Мөн Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг тус чуулга уулзалтад оролцогчдод хандан видео мэндчилгээ ирүүлжээ.

Ким Ён Жү:  Миний бие БНСУ-ын жендэрийн тэгш байдлын төлөө тэмцлийн түүхийн гэрч

Чуулга уулзалтын дараагийн илтгэлийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд даргаКим Ён Жү тавив.

Тэрбээр,  Тогтвортой хөгжлийн зорилтуудын  “Хэнийг ч орхихгүй” гэсэн уриа бидний сэтгэлийг хөдөлгөж байна. Энэ бол эмэгтэйчүүдийг чадавхижуулахгүйгээр биелэх боломжгүй зорилго юм. Гэвч Азийн хэд хэдэн орнуудад эмэгтэйчүүд улс төр, эдийн засаг зэрэг нийгмийн олон салбарт ялгаварлан гадуурхалттай тулгарсаар байна. Монгол Улс  багтдаг  алтай дамнасан  бүс нутагт тогтвортой хөгжлийг дэмжих арга замыг судлахаар бид хуран чуулаад байна гээд БНСУ-д жендэрийн тэгш байдлыг хангах талаар хэрхэн тэмцэж амжилтад хүрсэн түүхээ хуваалцлаа.

Тэрбээр хэлэхдээ, БНСУ 1948 онд Засгийн газар байгуулагдсанаас хойш эмэгтэйчүүдэд санал өгөх эрхийг олгосон боловч Үндсэн хуулийн ассамблейд нийт 200 гишүүнээс ганцхан эмэгтэй гишүүн байсан. Харин  2000 онд буюу 50 гаруй жилийн дараа 16 эмэгтэйг Үндэсний Ассемблэйд сонгосон түүхтэй. Түүний дараа намайг 2004 онд Үндэсний Ассамблейд анх сонгогдоход  39 эмэгтэйтэй болж, өмнөх эмэгтэйчүүдийн тооноос хоёр дахин нэмэгдсэн юм. 2000 оноос хойш эмэгтэй хууль тогтоогчдын тоо эрс нэмэгдсэн нь пропорциональ тогтолцоог буй болгож  эмэгтэйчүүдийн улс төрд оролцохыг дэмжсэн зэрэг  сонгуулийн шинэчлэлээс үүдэлтэй. Улмаар Сонгуулийн тухай хуульдаа  нэмэлт, өөрчлөлт оруулж, улс төрийн намууд нэр дэвшигчдийнхээ 50-иас доошгүй хувийг Үндэсний ассамблей болон орон нутгийн зөвлөлд нэр дэвшүүлэхийг шаардаж эхэлсэн. Ийнхүү 20 гаруй жилийн дараа эерэг үр дүн буй болж,  Өмнөд Солонгосын парламентын  300 гишүүнээс  57 эмэгтэй гишүүн сонгогдож, нийслэлийн зөвлөлийн болон хотын зөвлөлийн гишүүдийн 20 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

 Энэ нь эмэгтэй улстөрчдийн тоо нэмэгдээд зогсохгүй Үндэсний ассамблейн гол албан тушаал хашиж буй эмэгтэйчүүдийн тоо мөн нэмэгдсэн. Засгийн газарт эмэгтэйчүүдийн үүрэг  аажмаар өргөжин тэлж байна. Миний бие  2017 онд Мүн Жэ-Ин засаг захиргааны Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн тэргүүн сайдаар томилогдсон бөгөөд тухайн үед Засгийн газрын танхимын сайдын албан тушаалын 30 хувьд эмэгтэйчүүд томилогдсон. 2020-2022 онуудад 17 байнгын хорооны тавыг эмэгтэйчүүд тэргүүлсэн. Түүхэндээ анх удаа  буюу  21 дүгээр Үндэсний ассамблейн дөрвөн жилийн бүрэн эрхийн эхний болон хоёрдугаар хагаст дэд даргаар нь эмэгтэй хүн сонгосон. Энэ бүх амжилтыг үргэлжлүүлэхийн төлөө  би зогсох болоогүй.  БНСУ-ын жендэрийн тэгш байдлын төлөөх тэмцлийн  түүхийн гэрч бол би юм гэсэн.

Жи Вук Шин: Монгол Улсын Их хурал жендэрийн мэдрэмжтэй, хүний ​​эрхийг дээдэлсэн институц байх амлалт нь бидэнд  урам зориг өгч байна

Стэнфордын их сургуулийнАзи-Номхон далайн судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор  Жи Вук Шин итгэл тавив.

Тэрбээр,  Бид НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ахиц дэвшлийг хурдасгах зорилготойгоор АНУ болон Азийн мэргэжилтнүүдийн хооронд утга учиртай хэлэлцүүлэг, судалгааны хамтын ажиллагаа, бодлогын түншлэлийг дэмжиж, Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээний санаачлагыг бий болгосон.  Монгол Улс тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн  үүргийг хүлээн зөвшөөрч, жендэрийн тэгш байдлыг хангах үйл явц, бүтцийг хэрэгжүүлэхэд сайшаалтай хүчин чармайлт гаргасан. УИХ жендэрийн мэдрэмжтэй, хүний ​​эрхийг дээдэлсэн институц байх амлалт нь үнэхээр урам зориг өгч байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүд бусад оролцогчдын хамт жендэрийн тэгш байдлыг хангах, түгээн дэлгэрүүлэх талаар олж авсан туршлага, сургамжаа хуваалцаж, бид бүгдэд чухал ойлголт өгөх болно гээд Алтайн өвөр нутгийн тогтвортой байдлын яриа хэлэлцээг өөдрөг, зорилготой, шийдэмгий байдлаар эхлүүлцгээе хэмээн уриаллаа. 

Бан Ги Мун: Энэхүү тогтвортой байдлын яриа хэлэлцээр чуулга уулзалт Монгол Улсын нэр хүндийг хилийн чанадад цуурайтуулах болно 

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын хүндэт зочин НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мун” сангийн тэргүүн Бан Ги Мун үг хэллээ.

Тэрбээр, Бид хамтдаа бүх нийтийн шударга, эрх тэгш ертөнцийг бий болгохыг эрмэлзэж буй дэлхийн хөдөлгөөнийг төлөөлдөг. Энэ бол миний карьерийнхаа туршид дэмжиж, хийх хэрэгжүүлсэн үйл хэрэг юм.  Бан Ги Муны “Илүү сайн ирээдүйн төлөө” сангийн эрхэм зорилгын гол цөм юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж эхлээд л  жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэлхийн тэргүүлэх зорилт болгохоо амласан. Өөрчлөлт эх орноосоо эхэлдэг гэдгийг хүлээн зөвшөөрч, НҮБ-ын хүрээнд олон арван нэр хүндтэй эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд томилоход түлхэц болсон. Би дэлхийгээр аялахдаа нийгэмдээ өөрчлөлт хийх тэсвэр хатуужил, шийдэмгий байдлаа харуулдаг эмэгтэйчүүдийн няцашгүй сэтгэлээс хүч авч, эмэгтэйчүүд, охидын тэмцлийн гэрч болсон.

Тогтвортой хөгжлийн зорилтуудын хамгийн сүүлийн тайланд дурдсанчлан дэлхий нийт 2030 он гэхэд жендэрийн тэгш байдлыг хангах зорилтдоо хүрэхэд тохиолдож буй саад бэрхшээлийг онцолсон байдаг. Тухайлбал,  COVID-19 тахлын нийгэм, эдийн засгийн үр дагавар нь эмэгтэйчүүд, охидод онцгой сөрөг нөлөө үзүүлж байгааг онцолжээ. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл манай нийгмийг зовоосон хэвээр байна. Мөн эмэгтэйчүүд улс төр, эдийн засгийн салбарын удирдах албан тушаалд очих боломж удаашралтай хэвээр байна. Энэ замыг өөрчлөхийн тулд бид цогц, олон талт арга барилыг ашиглах ёстой. Бид жендэрийн тэгш байдлыг урагшлуулах хууль тогтоомж, бодлого, санхүүжилт, институцийг дэмжих ёстой. Өнөөдөр энд цугларсан бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, оюутнууд та бүхнийг өөрийн нөлөөллийн хүрээнд өөрчлөлтийг үргэлжлүүлэхийг хүсч байна.  Биднийг Алтайн өвөр нутгийн Тогтвортой байдлын яриа хэлэлцээр чуулга уулзалт Монгол Улсын нэр хүндийг хилийн чанадад цуурайтуулах болно гэдэгт найдаж байна. Эв нэгдэл, шийдэмгий байж  саад бэрхшээлийг даван туулж,  охид эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхалт устаж,  цэцэглэн хөгжиж, тогтвортой, чинээлэг нийгмийг бүрдүүлэхэд бүрэн оролцох боломжтой ирээдүйг хурдасгах болно гэв.

 Мартин Чунгонг: Дэлхийн  90 гаруй улсын парламент  эмэгтэйчүүдийн квотыг хуульчлан тогтоосон 

Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг тус чуулга уулзалтад оролцогчдод хандан видео мэндчилгээ ирүүлжээ. Тэрбээр мэндчилгээндээ,Өнөөдөр дэлхий нийтэд тулгарч буй олон янзын  сорил бэрхшээлүүд нь  ажиллах арга барилаа өөрчлөхийг биднээс шаардаж байна. Дэлхийн хүн амын тэн хагасыг орхигдуулах, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх тал дээр олсон ололт амжилтаа ухрах эрх бидэнд огтоос байхгүй.   Жендэрийн тэгш байдал нь шударга, чинээлэг, амар амгалан нийгмийг бий болгох урьтал нөхцөл гэдэгтэй бүгд санал нийлнэ гэдэгт би итгэж байна. Бидэнд хийх ажил их бий.  Нэгдүгээрт, парламентууд  болон бусад байгууллагууд жендэрийн тэгш байдлыг хангахын тулд шийдвэр гаргах хэрэгтэй юм. ОУПХ-ын тодорхойлолтоор жендэрийн мэдрэмжтэй парламент гэж нийт суудлын тооны хувьд төдийгүй  удирдах түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангасан байхыг хэлдэг. Өнөөдөр дэлхийн 90 гаруй улс эмэгтэйчүүдийн квотыг хуульчлан тогтоосон бол  жендэрийн тэгш байдлыг хуулиар хангуулан ажиллаж буй улс орнуудын тоо улам бүр нэмэгдсээр байна. Парламентын дийлэнх танхимуудад  жендэрийн тэгш байдлын хороод байгуулагдаж, эмэгтэй парламентчдын 100 гаруй бүлэг дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүдийн дуу хоолой болж байна. Жендэрийн мэдрэмжтэй парламент гэж  хүйсээр ялгаварлан гадуурхах, дарамтлах, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэх зэрэгт “үгүй” гэж хэлж чаддаг байх учиртай. Үүний эсрэг хууль батлаж, бодлогоо тодорхой болгож  тэгш байдлын соёлыг төлөвшүүлж буй улс орнууд улам бүр олширч байна.  Ийм бодлого парламентад ч үйлчлэх ёстой. 

Хоёрдугаарт, эерэг өөрчлөлтөд хүрэх замыг баттайгаар тавихын тулд  парламент болон бусад институциуд  үйл ажиллагааныхаа бүхий л чиглэлд жендэрийн тэгш байдлыг зорилго болгон тавих нь чухал.  Парламентууд хүний эрхийг хуульчлан баталгаажуулах, Үндсэн хууль болон бусад хуулиудыг шинэчлэх, эрх тэгш байдлыг хангахад хөрөнгө нөөц хуваарилах, иргэдийн дуу хоолойг эрх тэгш сонсдог соёлыг төлөвшүүлэх ажлыг манлайлж чадна, манлайлах ч ёстой. Бид бүгдээрээ харахыг хүсч буй өөрчлөлтүүдээ хэрэгжүүлэх ёстой. Олон улсын парламентын холбоо нь Монгол Улсын парламент болон бусад олон парламенттай эдгээр зорилтын хүрээнд хамтран ажиллаж байгаадаа туйлын баяртай байна. Энэ хамтын ажиллагааны хүрээнд олон сайхан ажил хэрэгжинэ гэдэгт итгэж байна гэв.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт салбар хэлэлцүүлгүүдээр үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.