Румын улстай автотээврийн салбарт хамтран ажиллана

0
134

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр /2023.04.06/ Румын улсаас Монголд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Василика Басил Константинескутай уулзаж, хоёр улсын автотээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улс, Румын Улс хооронд “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Румын Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулахаар ажиллаж байна.

Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар манай хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан зорчих, худалдаа бизнес эрхлэх, цаашлаад хоёр улсын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмрийг оруулах боломжтой юм.

Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд манай улс одоогоор 20 улстай автотээврийн хэлэлцээр байгуулсан. Монгол Улсаас ноос, ноолуур, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлож, Румын улсаас хүнсний бүтээгдэхүүн импортлох боломжтойг онцлон хэллээ.

Түүнчлэн Румын улстай автотээврийн хэлэлцээр байгуулахад элчин сайдын зүгээс анхаарал хандуулж, дэмжиж ажиллахыг хүсэв.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Монгол Улс Румын Улс хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд

1965 онд хоёр улсын Элчин сайдын яамны ажилтнууд болон бусад иргэдэд эмнэлгийн тусламж харилцан үнэгүй үзүүлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Румын Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,

1967 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Социалист Румын Улс хоорондын консулын конвенц,

1972 онд иргэний болон гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Социалист Румын Улс хоорондын гэрээ,

1974 онд Визгүй зорчих журмын тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Румын Улсын Засгийн газар хоорондын конвенц,

1990 ОНД АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ РУМЫН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР, 1990 ОН

2005 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Румын Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээг тус тус байгуулсан байна.