Ц.Хандсүрэн: Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгчид иргэдийн итгэлийг ашиглан хохироож байна

0
1433

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 6,672 буюу 24.5 хувийг залилах гэмт хэрэг эзэлжээ. Эдгээр залилангийн гэмт хэргийн 1,000 орчим нь цахимд үйлдэгдсэн байна.

“Залилах гэмт хэргийн 87.1 хувь нь санаатай үйлдэгдсэн байна”

Үүнтэй холбоотойгоор Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгонням “Иргэдийн цахим орчны хэрэглээ өсөж, улмаар гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд энэхүү орон зайг ашиглан бусдыг хохироосоор байна. Тухайлбал, 2021 онд  залилах гэмт хэргийн 60 орчим хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байгаа юм. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэргийн 87.1 хувь нь санаатай үйлдэгдсэн байна” гэлээ.

Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээг тодруулбал,

  • 2016 онд хоёр орчим тэрбум төгрөгт хүрч байсан бол
  • 2017 онд 6.4 тэрбум, 
  • 2018 онд 9.9 тэрбум,
  • 2019 он гарсаар 13 тэрбум төгрөг давж, жил ирэх тусам өссөөр байна.

“Гэмт этгээдүүд иргэдийн итгэлийг ашиглан хохироодог”

зураг

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Хандсүрэн “Улсын хэмжээнд 2022 оны эхний хоёр сарын байдлаар залилах гэмт хэрэг 2,360 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин өссөн үзүүлэлттэй байна. 

Гэмт этгээд нь эд хөрөнгө хөлслөх, зээл өгөх, авах, худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх, барьцаа, батлан даалт, баталгаа, даатгал, итгэмжлэл, иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах буюу шан харамж өгөх, ашиг хүртээхийг амлах гэх мэтээр урьд иргэдийн итгэлийг ашиглан хохироодог” гэсэн юм.

Ташрамд дурдахад, Статистикийн мэдээллээс авч үзвэл залилах гэмт хэрэгт дийлэнх тохиолдолд 20-50 насны иргэд өртөж байгаа бөгөөд нийт 50 хувийг эзэлжээ. Мөн энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүдийн 49 хувь нь эмэгтэй, 51 хувь нь эрэгтэй байна.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар