Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарлалаа

0
1328

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 16-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нээлттэй хорих ангид дөрвөн жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасах ял оноосон. 

Түүнийг “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 263.2 “Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”/ үйлдсэн хэмээн хэмээн буруутгасан. 

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Э.Бат-Үүлийг ШШГЕГ-ын харьяа Хорих 409-р ангид шилжүүлсэн бөгөөд шүүхийн тогтоолыг хүлээн авсан даруйд /шүүх хурал болсноос 60 хоногийн дараа/ Э.Бат-үүлийн өмгөөлөгч болон гэр бүлийнхэн давж заалдах шатны шүүхэд өргөдлөө гаргасан байна. Гэвч өнгөрсөн хугацаанд түүний хэвлэн нийтлэх эрхийг хасч, өнгөрөгч долоо хоногоос эхлэн захидал харилцааны эрхийг хаажээ.

Тиймээс Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын паактад заасан хүний эрхийн наад захын хэм хэмжээг зөрчсөн прокурорын байгууллагын энэ үйлдлийг эсэргүүцэж өлсгөлөн зарлана гэдгээ Э.Бат-Үүл өнгөрөгч баасан гаригт өмгөөлөгчөөрөө дамжуулан олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл Э.Бат-Үүл өчигдрөөс өлсгөлөнгөө эхлүүлсэн байна. Өлсгөлөн зарлаж буй этгээдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахгүйн тулд Э.Бат-Үүлийг хорих 409-р ангиас 461-р анги руу шилжүүлэх аж. Учир нь өлсгөлөн зарласан тохиолдолд үүнийг эмнэлгийн байгууллага буюу эмчийн хяналтан дор хийх ёстой. Харин хорихын төв эмнэлэг байрлаж байгаа газар нь Хорих 461-р анги юм байна.