Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулж байна

0
196

Азийн хөгжлийн банкны “Ковид-19 цар тахлын үеийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдын чадавхийг сайжруулах нь” сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг нээж МХЕГ-ын дэд дарга Б.Мөнхдөл, Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Нигам нар үг хэлсэн.

“Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдын чадавхийг сайжруулах нь” сургалтын талаар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч К.Зурашаас тодрууллаа.

-Сургалтаар SARS-COV-2, Ковид-19 цар тахал болон мал, амьтны гоц халдварт өвчин, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ, мах, махан бүтээгдэхүүний экспорттой холбоотой олон улсын дүрэм журам, тавигдаж буй шаардлага, ариутгал, халдваргүйтгэл хийх дэвшилтэт технологи зэрэг сэдвээр цогц мэдлэг, мэдээлэл өгнө. Мөн мал эмнэлгийн хяналтыг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл, анхаарах асуудлын талаар хэлэлцүүлж, “Мал, амьтны гоц халдварт өвчний үед авах арга хэмжээ” сэдвийн хүрээнд бүлгээр ажиллуулах юм. Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлэг, мал үржлийн хяналтын нийт 62 улсын байцаагч энэ удаагийн сургалтад хамрагдаж байна.

“Ковид-19 цар тахлын үеийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл

  1. Ковид-19 цар тахлын үеийн тандалт, хариу арга хэмжээний мэдлэг, чадварыг сайжруулах
  2. Ковид-19 цар тахлын эрсдэлийн мэдээлэл харилцааг дэмжих гэсэн үндсэн хоёр чиглэлээр хэрэгжиж байгаа гэв.

“Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдын чадавхийг сайжруулах нь” сургалт хоёр өдөр үргэлжилж, МХЕГ болон Азийн хөгжлийн банк, АНУ-ын Канзасын их сургууль, Хөдөө аж ахуйн ШУА, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, ХӨСҮТ, Малын эмийн фармакопейн хорооны удирдлага, мэргэжилтэн, эрдэмтэд мэдээлэл хүргэх юм.