Д.Сумъяабазар: Хот төлөвлөлтийн алдааг эхнээс нь засаад явж байна

0
1611

Нийслэлд хоёр өдөр орсон борооны улмаас зарим дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ үерт автаж, тээврийн хэрэгсэл болон, иргэд зорчих боломжгүй болоод байна. Өнөөдрийн байдлаар Сэлбэ гол дагуух 27 байр усанд автсан бөгөөд үүнээс 10 гаруй байрны автомашины граж усанд бүрэн автжээ.

Энэ талаар хотын дарга Д.Субъяабазар “Стандартын гүүр бариагүйтэй холбоотойгоор Сэлбэ голын үер болж байна. Бороо долдугаар сарын 12-ыг хүртэл орох төлөвтэй байна. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Засгийн газрын хуралдаан дээр УОК-ын даргатай ярилцаад дайчилгааны ажлыг богино хугацаанд зохион байгуулах талаар ярилцсан. Иргэд айж, сандрах  хэрэггүй. Бид зохих ёсны арга хэмжээг шуурхай авна. Өнөөдөр шөнө бороо орох магадлал 80 хувьтай байна. Тиймээс ойрын 4-5 хоног өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллана. Улсын баяр наадам хэвийн хэмжээнд явах ёстой. 

Улаанбаатар хот өнгөрсөн 30 жилийн хугацаанд гаргасан алдаа, дутагдлыг эхнэээсээ засаж, янзлаад явж байна. Тиймээс хот төлөвлөлтийн алдаанаас үүдсэн зүйлс нийслэлд олон байна. Үүнийг нууж, хаах зүйлгүй.

Явган замын стандарт, ногоон байгууламж, замын стандарт гэх мэт хот төлөвлөлттэй холбоотой асуудлаар  Засгийн газрын хуралдаанаас Улаанбаатар хотыг 2020-2030 он, 2030-2040 он хүртэл хөгжүүлэх гурван үе шаттай төлөвлөлтийг үндсэн чиглэл болж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон.  2020-2030 онд гаргасан алдаануудаа засах, 2030-2040 онд олон тулгуурт хөгжлийн бодлогыг хөгжүүлэх шийдэл дээр нийслэлийн удирдлагууд ерөнхий төлөвлөгөөгөө оруулаад яаралтай батлуулахаар бэлдэж байна. Үерийн асуудал хотын ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой нь үнэн. Үүн дээр нүүр улалзах зүйлгүй. Үүнээс гадна газар олголттой холбоотой асуудал бас нөлөөлж байна. Тиймээс үүнтэй тэмцэнэ” гэв. 

Өнгөрсөн хоёр өдөр орсон борооны улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, авто зам, замын байгууламжид аюул учирч болох нөхцөл байдал үүссэн тул Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвөөс Нарны замын уулзвар, Баянмонгол хорооллын нүхэн гарцнаас Хүннүгийн гудамж, Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний нүхэн гарцнаас Нарны гүүрний уулзвар, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны Нийслэлийн өргөө амаржих газрын уулзвараас Нарны замын уулзвар хүртэл Сэлбэ, Дунд гол дагуу авто зам, замын байгууламжийг өнөөдрөөс  эхлэн тодорхойгүй хугацаагаар хаах Засаг даргын захирамж гаргасан юм.