“Дэлхийн мөнгөний долоо хоног-2024” аян Баян-Өлгий аймгаас эхэллээ

0
1712

Монголбанк, ЦЕГ, Хадгаламжийн даатгалын корпорац, ХБНГУ-ын Шпаркассе банкны Монгол дахь сан, арилжааны банкнууд хамтран “Дэлхийн мөнгөний долоо хоног-2024” нэгдсэн аяны нээлтийн үйл ажиллагааг Баян-Өлгий аймгийн Өлгий хотод зохион байгууллаа. 

Монгол Улс тус арга хэмжээнд 2013 оноос хойш нэгдэж, жил бүрийн гуравдугаар сард хүүхэд залуусыг мөнгөө зөв зохистой удирдах, хуримтлуулах дадалд уриалах нөлөөллийн үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй бөгөөд энэ жилийн хувьд тус аян “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриан дор зохион байгуулагдаж байна.

Аяны хүрээнд холбогдох байгууллагууд дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл улс орон даяар санхүүгийн боловсрол, хуримтлалын ач холбогдол, мөнгө санхүүгээ зөв, зохистой удирдах талаар сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE) 2012 оноос санаачлан хэрэгжүүлсэн энэхүү аянд эдүгээ дэлхийн 170 гаруй улс орон нэгдээд байгаагийн нэг нь Монгол Улс юм.