МЭНДЧИЛГЭЭ

0
3417

Эрхэм хүндэт Нийслэлчүүдээ ! 

Та бүгдийн амар мэндийг айлтган, айлчлан ирж буй XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Өлзийт жилийн ерөөл билиг хэлэлцэн, өвөг дээдсээ хүндэтгэн золгодог Сар шинийн баяр бол Монгол түмний уламжлалт өв, зан заншил, үндэсний дархлаа төдийгүй Монгол үндэстнийг дэлхий ертөнцөд тодотгон харуулж, сурталчлан таниулдаг хосгүй үнэт соёл билээ. Монголчууд бид сар шинийн баяраараа үүх түүх, өв соёл, үнэт зүйлээрээ бахархаж, өвөг дээдэс, өтгөс буурлаа хүндлэн, зан заншил, ёс жудгаа эрхэмлэн дээдэлж, үндэсний өв соёлоо үр хойчдоо өвлүүлэн сургаж үлдээдэг уламжлалтай.  Уудам эх орныхоо өнцөг булан бүрд байгаа элэг нэгт монголчууд, улсын нийслэл Улаанбаатар хотынхоо нийт ард иргэд, хилийн чанадад сурч, хөдөлмөрлөн амьдарч буй ахан дүүс та нартаа модон луу жилдээ эрүүл энх байж, элбэг хангалуун, цог хийморь бадрангуй байхын өлзийт ерөөлийг өргөн барья.

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН