“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

0
72

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын цагдаагийн хэлтсээс уламжлал болгон зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн /2023.05.15/ өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Өдөр бүр зам тээврийн осол гэмтэл удаа дараа бүртгэгдэж, хүүхдүүд гэмтэх, бэртэх цаашлаад амь насаа алдсаар байна. Осол, гэмтэл гэдэг хүний анхаарал сарних төдийд хоромхон зуур үйлдэгддэг зүйл. Үүнээс болж бяцхан зүрх зогсох эрсдэлд орж байдаг. Сүүлийн гурван жилийн дунджаар улсын хэмжээнд 15 хүртэлх насны 43,615 хүүхэд гэнэтийн осолд өртсөн гэсэн тоо байна. Энэ нь өдөрт 114 хүүхэд гэнэтийн осолд өртдөг гэсэн үг.

Тиймээс хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрэм болон эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах нь чухал. Энэ утгаараа сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагуудын дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг.

Тэмцээнд оролцогч багууд мэндчилгээ, гэрийн даалгавар, буухиа, урлагийн тоглолт төрлөөр оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүчээ сорьж өрсөлдсөнөөс 197 дугаар цэцэрлэг 145 оноогоор ТЭРГҮҮЛЖ, цом, медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав. Харин 198 дугаар цэцэрлэг 136 оноогоор дэд байрт, 97 дугаар цэцэрлэг 128 оноогоор гутгаар байрт шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

Мөн тэмцээнд амжилттай оролцсон хүүхэд багачуудад гарын бэлэг гардуулав. Тэмцээний нэгдүгээр байрт шалгарсан баг тамирчид нийслэлийн 9 дүүргийн цэцэрлэгүүдтэй өрсөлдөх юм. Баг тамирчдад дараагийн шатны тэмцээнд амжилттай оролцохыг хүсэн ерөөе.