Монгол Хятадын харилцааны шинэ хуудсыг аж үйлдвэрийн сэргэлтээр эхлүүлнэ

0
461

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлал ажлын таван өдөр үргэлжилж, гацаанд ороод байсан томоохон төслүүдийг урагшуулах уулзалтуудыг хийж, төрийн хэмжээнд тохироонд хүрсэн үр дүнтэй айлчлал болов. Мөн хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газар хөрш орны хөрөнгө оруулагч нарт нээлттэй, ил тод байхаа амлав. Хоёр орны харилцааны шинэ хуудсыг эхлүүлж, Монгол Улс БНХАУ-тай аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах амбицтай байгаагаа илэрхийлсэн айлчлал боллоо. Айлчлалын хүрээнд өрнөсөн уулзалт, үр дүнгийн талаар тоймлон хүргэж байна.

2023.06.26: МОНГОЛ УЛС ДАЛАЙД ГАРЦТАЙ БОЛОХ УУ

Монгол Улс Тяньжин боомтод 10 га газар эзэмшдэг бөгөөд энэхүү газрыг тээвэр логистикийн төв болгож, манай улс далайд гарцтай болох боломжтой. Энэ боломжийг ажил хэрэг болгох зорилгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалын эхний өдөр Тяньжин хотод ажиллаж, Тяньжин боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Улмаар тус боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр хамтран ажиллах саналыг “Тяньжин порт” группийн удирдлагуудад тавьсан. “Тяньжин порт” группийн удирдлагын зүгээс далайн тээвэр нь өртөг зардлын хувьд агаарын тээврийн зууны нэг, төмөр замын аравны нэг, автотээврийн гуравны нэгтэй тэнцэж, цаг хугацаа, өртөг зардал хэмнэж, олон улсын зах зээлд нэвтрэх үүд хаалга гэдгийг онцлов. Энэхүү яриа хэлэлцээ үр дүнгээ өгч Монгол Улс Тяньжин боомт дахь газраа ашиглалтад оруулснаар чингэлэг тээврийн гацаа арилж, бараа эргэлт хурдасч, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний инфляц буурч, дэлхийн 180 гаруй улсын 500 орчим боомттой холбогдох боломжтой болно. 

2023.06.27: БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын хооронд яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх зэрэг асуудлуудаар санал солилцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудыг төмөр замаар холбох манай талын бүтээн байгуулалтын ажлыг дуусгасан бөгөөд энэ удаагийн айлчлалаар БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хилийн боомтуудын холболт, хамтын ажиллагаа, гэрээ хэлцлүүдийг хоёр улсын Засгийн газрын түвшинд эцэслэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлсэн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

2023.06.28: ОЛОН ЖИЛ ЯРИГДСАН ТӨСЛҮҮД ГАЦААНААС ГАРНА

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар албан ёсны хэлэлцээ хийв.Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан шийдвэрлэхийг эрмэлзэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд санал нэгдэв. Эдгээр төслүүдэд хилийн Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох төсөл болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээг сунгах асуудлууд багтаж, Монгол банк болон Хятадын ардын банкны своп хэлцлийг сунгах асуудал хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэгдлээ.

1. “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрыг төлөөлж Тээврийн сайд Ли Шяопөн нар

2. “Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай нэмэлт хэлэлцээр”-т Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Худалдааны сайд Ванг Вентао нар

3. “Төрийн өмч ба төрийн өмчит аж ахуйн нэгжийн салбарт солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт, зохицуулах хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, БНХАУ-ын Төрийн өмчийн хяналт, зохицуулалтын хорооны дарга Жан Юйзуо нар

4. “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад угаасан ноос, ноолуур экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол” зэрэгт Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Жяньхуа нар

5. “Хамтран ажиллах тухай Монголын хөрөнгийн бирж, Шанхайн Хөрөнгийн Бирж хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, БНХАУ-ын Шанхайн хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Цай Жяньчүнь нар тус тус гарын үсэг зурлаа.

2023.06.28: ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛИЙН ХОЛБОЛТЫГ ЭНЭ ОНДОО БАГТААЖ ХИЙНЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2022 оны хоёрдугаар сард БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын хүрээнд 10 гаруй жил гацаанд орсон Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын цэгийг харилцан тохиролцсон билээ. Тэгвэл энэ асуудлаар мөн “Чайна энержи” группийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Тэд төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэхэд ямар асуудал байгаа талаар илэн далангүй ярилцав. Улмаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хоёр талын хариуцах бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан эхлүүлж, 2024 онд ашиглалтад оруулах зорилт дэвшүүлэхээр харилцан тохиролцлоо. “Чайна энержи хөрөнгө оруулалтын групп” ХХК нь БНХАУ-ын нүүрс, эрчим хүч, тээвэр, химийн үйлдвэр зэрэг салбарын цогц үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит эрчим хүчний гол аж ахуйн нэгж юм. “Чайна энержи” групп нь 2022 онд дэлхийн топ 500 аж ахуйн нэгжийн 85 дугаар байрт эрэмбэлэгджээ. Мөн тэд хилийн холболтоос гадна Монгол Улстай сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

2023.06.29: МОНГОЛ УЛС “ИТГЭЛТЭЙ, НАЙДВАРТАЙ, УДААН ХУГАЦААНЫ ТҮНШ” БАЙХАА АМЛАВ

Монгол, Хятадын 500 орчим бизнес эрхлэгч оролцсон хөрөнгө оруулагчдын форумыг Бээжин хотноо зохион байгуулав. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газар “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг шинэ шатанд гаргах эрх зүйн болон институтийн шинэчлэлийг хийж байна. Монгол Улсад нийт 7500 гаруй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам тодорхой болгож, тогтвортой, тууштай байж, Эдийн засаг, хөгжлийн яам болон тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулж, хөрөнгө оруулагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаарх мэдээллийг тогтмол хүлээн авах, хөрөнгө оруулагчаас гаргасан гомдлыг цахим хэлбэрээр бүртгэх, шийдвэрлэх тогтолцоог бий болгож байна” гэв. Мөн энэхүү форумын үеэр нийт гурван тэрбум юанийн мөнгөн дүн бүхий хамтын ажиллагааны 25 гэрээг үзэглэсэн юм.

2023.06.30: АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СЭРГЭЛТИЙГ ЭХЛҮҮЛЭХЭЭР ГУРВАН КОМПАНИТАЙ ТАНИЛЦАВ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалын сүүлийн өдөр БНХАУ-ын Жөжян мужийн Нинбо хотод зочиллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж, энэ хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын Жөжян муж хооронд аж үйлдвэрлэл, эрчим хүч, хот төлөвлөлт, ногоон хөгжил, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтран ажиллах боломжтойг илэрхийлэв.БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус бүс нутагт ажиллаж байх үедээ Нинбо гангийн үйлдвэрийн төслийг эхлүүлсэн бол, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянмөн Жөжян мужаас ажлын гараагаа эхлүүлж байжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нинбо хотод байх хугацаандаа Нинбо Жинтянь зэсийн үйлдвэр, Нинбо гангийн үйлдвэр, Консайни группийн үйл ажиллагаатай тус тус танилцав. “Нинбо гангийн үйлдвэр” нь үйлдвэрлэлийн нэгдүгээр зэрэглэлийн тоног төхөөрөмж бүхий орчин үеийн томоохон төмөр гангийн цогцолбор үйлдвэр юм. “Нинбо Жинтянь зэс үйлдвэрлэл”ХХК нь Нинбо хотод төвтэй, Нинбо, Жянсу, Гуандун, Чунцин, Бугат, Вьетнамд долоон үйлдвэрлэлийн баазтай, 46 салбар компанитай, 8000 гаруй ажилтантай, аж үйлдвэрийн иж бүрэн сүлжээ болон бүтээгдэхүүний цогц үйлдвэрлэлээр өөрийн өрсөлдөх чадварын давуу талыг бий болгосон. Тус компани нь Хонконг, АНУ, Герман, Япон зэрэг улсад охин компаниа байгуулсан бөгөөд дэлхийн нийлүүлэлт борлуулалтын сүлжээг бий болгож, дотоод гадаадын хэрэглэгчдэд зэсийн бүтээгдэхүүний худалдан авалтын нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг байна. “Консайни групп”нь Хятад улсын ноолууран утас экспортлогч хамгийн том компани бөгөөд Хятад болон гадаадын өндөр зэрэглэлийн брэндүүд болон салбарын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн “өндөр чанартай утас нийлүүлэгч”-ийн нэг болжээ. Ийнхүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад аж үйлдвэрийн сэргэлтээр эхлүүлэх сонирхлоо илэрхийлж, айлчлалын хүрээнд томоохон компаниудаар орж үйл ажиллагаатай нь танилцлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин