Х.Нямбаатар: “Орана групп”-тэй байгуулах гэрээний төсөлд няхуур хандана

0
628

Франц улсын “Орано групп”-тэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг “Орано групп”-ийн төлөөлөгчидтэй уулзжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан тус ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймаг дахь Зөөвч-Овоо, Дулаан-Уулын уран олборлох уурхайн талбайд ажиллаж, үйлдвэрлэлийн явцтай танилцсан байдаг. Тэгвэл өчигдөр ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай эхний уулзалтаа хийсэн байна.

“Орано майнинг” ХХК-ийн Монгол дахь төлөөлөгч Оливиер Түмир Зөөвч-Овоо төслийн ТЭЗҮ-д оруулах нэмэлт тодотголыг дуусгасан, энэ сард багтаан уул уурхайн эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар орох товтойг онцлоод “Бидний хамтран хэрэгжүүлэх төсөл 50 жилийн туршид үргэлжилнэ. Зөөвч-Овоон төсөл нь байгаль орчинд ээлтэй, хөрс эвдэхгүй цомхон уурхай байна. Монгол Улсын уул уурхайн салбарт шинэ технологи ч нэвтрүүлнэ гэж болно. Тиймээс хоёр улс хамтран хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Мөн тэрбээр хөрөнгө оруулалтын гэрээг 2023 онд үзэглэвэл 2024 онд хөрөнгө оруулалтыг шийдэж, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгээд 2028 оноос үндсэн олборлолтоо эхлүүлэх товтойг хэлсэн байна.

“Орано групп”-ийн зүгээс хөрөнгө оруулалтын гэрээний эхний загварыг

  • Хөрөнгө оруулалтын тодорхойлолт, хамгаалалт
  • Эдийн засгийн орчны тогтвортой байдал
  • Байгаль орчны хамгаалал ба бүс нутгийн хөгжил
  • Санхүүгийн менежмент
  • Хуулийн нэр томьёо ба нөхцөл гэсэн таван үндсэн бүлэгтэй байхаар төлөвлөснөө танилцуулсан аж.

Монгол Улсын Засгийн газрын байгуулсан ажлын хэсгийн зүгээс талууд харилцан ашигтай байх зарчим баримталж байгаа бөгөөд энэ талаар Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Монголын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, харилцан ашигтай хамтран ажиллах зарчим баримтлаж байгаа. Бидний зүгээс “Орана групп”-тэй байгуулах гэрээний төсөлд няхуур хандана. Нэмэлт саналуудаа ч хэлнэ. Тухайлбал, монгол ажилчдыг мэргэшүүлэх, уурхай ажиллаж явцад ажилчдыг түр кэмпэд байрлуулах биш тухайн бүс нутгийн хөгжлийг дэмжиж орон сууц бүхий суурьшлын бүс байгуулж, гэр бүлтэй амьдрах орчин бүдүүлэх, говийн бүсийн экосистемийг алдагдуулалгүй байгаль орчны нөхөн сэргээлтэд онцгой анхаарах заалтуудыг тусгах саналтай байгаа” гэжээ.

“Орано майнинг” ХХК-ийн Монгол дахь төлөөлөгч Оливиер Түмир ажлын хэсгээс гаргаж буй саналуудыг дэмжиж байгаагаа хэлээд тус компанийн зүгээс Монгол Улсын томоохон их, дээд сургуулиудтай хамтран мэргэжилтэн бэлтгэх ажил эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд багш нарыг сургах болсноо хэлжээ.

Мөн хөрөнгө оруулалтын гэрээнд уурхай хаагдсаны дараах нөхөн сэргээлтийг зардлыг тогтмол хуримтлуулж явахыг нь тусгана гэдгээ онцолсон байна. Харин ажилдын хотхон, суурьшлын бүс байгуулах тухайд Зүүнбаян, Сайншанд, Улаанбадрах зэрэг суурин газрыг түшиглэн бүтээн байгуулалт хийх боломжтой гэжээ.

“Орано групп”-тэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг санхүүгийн болон хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийг ирэх долоо хоногоос ажиллуулах болсон байна. Дашрамд дурдахад, Засгийн газар томоохон хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар хожим Арбиртрын шүүхэд маргаан үүсгэхээс урьдчилан сэргийлэх үүднээс ХЗДХЯ болон ХЗДХ-ийн сайдаар ажлын хэсгийг ахлуулах бодлого баримталж буй аж.

No description available.
No description available.
No description available.