11 аймгийн 32 суманд 62 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ

0
201

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс, Хэнтий зэрэг 11 аймгийн 32 суманд 62 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Ой, хээрийн гал түймрийн дуудлагын тоог 2022 оны мөн үетэй харьцуулахад 17,3 хувиар буурсан.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 38 гэр, (сууц) 47 хашаа (саравч), 5 автомашин, 3273 мал, ойн 3396 га, хээрийн 322583.2га, нийт 325978.2га талбай өртөөд байна.

Өнөөдрийн байдлаар: Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант багийн “Их үлэлэй гол” гэдэг газар 2023 оны 06-р сарын 11-ний өдөр ОХУ-аас МУ-ын хил давч орж ирсэн түймрийг унтраахаар 06-р сарын 12-ны өдөр ОБЕГ-ын ГТТГ-ын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Баттүвшингээр ахлуулсан ҮАБ-ын 21 алба хаагч уг ойн түймэр нь бартаа саад ихтэй автомашин техник, мориор хүрэлцэн очих боломжгүй тул ЗХ-ний нисдэг тэргээр хүрэлцэн очиж унтраахаар ажиллаж байна.

Мөн Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант баг ”Гучинтавын-Ам” гэдэг газар 06-р сарын 12-ны өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагаар Сэлэнгэ аймгийн ОБГ-аас 22 алба хаагч 1 автомашинтай, орон нутгаас 28 хүн, 1 автомашинтайгаар түймрийг унтраахаар ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн ой, хээрийн бүсэд аялал, амралт зугаалгаар зорчих үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.