Л.Оюун-Эрдэнэ: Нийтлэг үйлчилгээний албан хаагчдыг ипотекийн зээлд хөнгөлттэй асуудлыг судална

0
300

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүрийн өглөө аль нэг салбарын төлөөлөлтэй уулзаж саналыг нь сонсож буй. Өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарын хамт төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчидтай уулзлаа. Тус салбарт улсын хэмжээнд 52.7 мянган хүн ажиллаж байна.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэл танилцууллаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. -4.6 хувьтай байсан эдийн засаг 7.9 болтлоо өссөн байна. Боомтын сэргэлтийн ажлууд эрчимтэй өрнөж нүүрсний экспортыг ил тод, цахимаар арилждаг болсноор далд эдийн засаг ил болж улсын төсөв анх удаагаа 1.1 их наядаар даван биелж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрсэн нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа төрийн албан хаагчдын цалингийн шинэчлэлийн талаар танилцуулав. Төрийн албанд гүйцэтгэлд суурилсан цалингийн бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна. Эрүүл мэнд, боловсролын салбар гүйцэтгэлд суурилсан цалингийн системд шилжсэнийг дурдлаа. Улсын төсвийн тодотголд 986.6 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зарцуулна. Тэр дундаа төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 26-31 хувиар нэмэгдүүлж байгааг сайд Х.Булгантуяа танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд төрийн нийтлэг үйлчилгээний салбарыг гүйцэтгэлд суурилсан цалингийн системээр ажиллуулах, орон сууцны ипотекийн зээлд хөнгөлттэй нөхцөлөөр хамруулах боломж байгаа талаар судална гэдгийг хэллээ.