Ургац хураалтад анхаарах зөвлөмж

0
594

Зарим нутгаар хураалтын өмнө хур бороо ихтэй байгаа нь таримлын болц удаашрах, ногоон тариа түрж ургахад нөлөөлж байгаа бөгөөд сортын онцлог, үрийн нормоос хамаарч  буудай налах зэргээс шалтгаалан хураалтад хүндрэл үүсч болзошгүй байна.

Тариалангийн талбайн ургамал хаврын сүүлчийн цочир хүйтрэл, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их халалт, ус ихтэй ширүүн бороо  гэх мэт хүчин зүйлд өртсөнөөс цочролд (стресст) орсон нь ажиглагдсан.

Буудайн навчны болон түрүүний септориоз, зэв зэрэг өвчин ихээр илэрсэн нь ургацын хэмжээг бууруулах нэг нөхцөл болдог.

Үүссэн нөхцөл байдлаас харахад ангилан хадалт хийх нь зүйтэй боловч хур ихтэй буюу  цас орох магадлал өндөртэй жил ангилан хадалт хийх нь эрсдэлтэй. Иймд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

1.Тариа хураалтыг богино хугацаанд хаягдалгүй хураахын тулд тарианы болц, талбайн хогтолт, ургацын хэмжээ, ургамлын өндөр, өтгөн зэргийг цаг агаарын байдалтай уялдуулан төлөвлөн хийх нь зүйтэй.

2.Таримлын чийг бууруулах, хог ургамлыг устгах, үтрэмийн ажлын ачаалалыг бууруулах зорилгоор талбайд десикаци  /таримлын үрийн чийг багасгах зохиомол арга хэмжээ/ хийх, захлах юмуу зурваслан хадах зэргээр салхилуулан хураалтын өмнөх арга хэмжээг цаг алдалгүй хийх хэрэгтэй.

3.Таримлын үрийн чийгийг багасгахаар химийн аргыг хэрэглэнэ.

Үүнд: 2022 онд газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгаалалын зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, ХХААХҮЯ-ны сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан ургамал хамгааллын бодисын жагсаалтад орсон  (https://www.legalinfo.mn/law/details/16159?lawid=16159) глифосат үйлчлэх бодис бүхий  Торнадо, Спрут экстра, Раундап болон дикват үйлчлэх бодис бүхий Дикват, Суховей, Реглон, зэрэг бодисыг улаанбуудайн үрийн чийг 30% буюу түүнээс бага тохиолдолд ашиглах боломжтой.

4. Таримлын чийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ургац хураах хугацааг тооцоолох ба норм, тун хэмжээг зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй.

 Тухайлбал: Торнада-540  глифосат суурьтай нь хураалтаас  хоёр  долоо хоногийн өмнө, Дикват, Суховей  буюу  дикват суурьтай нь  бэлдмэлийг хураалтаас 6 хоногийн өмнө  хэрэглэхээр заасан байдаг. Тариаланчид десикаци хийх үедээ  ойр орчмын малчин иргэддээ  тариалангийн талбайд мал оруулахгүй байх тухай  мэдэгдэл хүргүүлэх тухайн сумын Засаг даргын тамгын газарт мэдэгдэх нь зүйтэй.

5.Чийг ихтэй жил өндөр буюу стандартаас давсан чийгтэй, цавуулаг багатай, ногоон тариа ихтэй, мөн үр хөврөл харлах өвчтэй, өнгө хувирсан зэрэг буудай хураан авах  болзошгүй байгаа бөгөөд эрт цас орох төлөвтэй байна.

ИЙМД ТАРИАЛАНЧ ТА БҮХЭН ИШ ӨРГӨГЧ БОЛОН БУСАД  УРГАЦ ХУРААХАД ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛСИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ ЧАНАРТАЙ АРВИН УРГАЦ АВАХЫГ ХҮСЬЕ.

             МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР