Хөгжлийн банкны хянан шалгагчаар И.Уянга, Л.Эрдэнэчулуун нарыг томилов

0
430

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо хуралдав. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 400 Мвт хүчин чадалтай ДЦС байгуулах Эрчим хүчний яамны төсөлд Хөгжлийн банкнаас зээл олгосон. ДЦС-ын төсөл хэрэгжээгүйтэй холбоотойгоор энэ зээл төлөгдөөгүй байна. Засгийн газраас зээлийн үлдэгдлийг Тавантолгой ДЦС-ын гүйцэтгэгч шалгарсан тохиолдолд төслийн барилга угсралтын ажлын зардалд оруулан төлж барагдуулах шийдвэр гаргажээ. Эгийн голын УЦС ТӨК-д бүртгэлтэй 48.7 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд байгаа гэлээ.

Үргэлжлүүлэн Түр хорооны хуралдаанаар хянан шалгагчдыг томилох тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу Хянан шалгах түр хорооноос хянан шалгагч томилох эрхтэй. Тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 -т “Хянан шалгагч нь сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухайн асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах чадвартай, гурваас доошгүй жил тухайн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан туршлагатай Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байна.” гэж заасан. Ингээд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хянан шалгагчаар Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Идэрийн Уянга, Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын менежер Лувсандашийн Эрдэнэчулуун нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хянан шалгагч нь хараат бусаар ажиллаж, нотлох баримт бүрдүүлэх, нотлох баримт гаргаж өгөхийг шаардах, холбогдох этгээдээс тайлбар авах, танилцсан тэмдэглэл хөтлөх, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, түр хороонд тогтоол гаргуулах санал хүргүүлэх эрх, үүрэгтэй ажиллах юм. Хуваалцах Жиргэх