С.Энхболд: Жилд 100-120 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол оношлогдож байна

0
908

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсож байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэлдээ “Хорт хавдрын судалгааны олон улсын агентлагаас 185 орныг хамруулан гаргасан 2020 оны судалгаагаар дэлхийд жилд 19.2 сая хүн хорт хавдраар өвдөж, 9.9 сая хүн нас барж байна. Хөх, түрүү булчирхай, уушги, бүдүүн гэдэсний хавдар зонхилон тохиолдож байна.

Манай улсад хорт хавдрын шинэ тохиолдол 100 мянган хүнд 229.2 хувь байна. Хорт хавдрын шалтгаан нас баралт өндөр орноор Монгол, Серб, Унгар, Монтегро, Словак гэсэн таван улс орж, нас баралтын түвшин 100 мянган хүнд 140-өөс дээш байна.

2021 оны байдлаар 5981 хавдрын шинэ тохиолдол илэрч, үүнээс 4559 нь нас барсан. Нийт нас баралтын 25 хувь нь хавдрын шалтгаантай байна. ДЭМБ-аас 2040 он гэхэд манай улсад хорт хавдрын өвлчлөлийн 11 647 шинэ тохиолдол илэрч, хорт хавдрын шалтгаант нас баралт 8767 болж нэмэгдэх тооцооллыг хийсэн байна.

Монгол Улсад элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар зонхилон тохиолдож, элэгний хавдрын эзлэх хувь дэлхийн дундажаас хэд дахин өндөр, 185 орноос нэгдүгээрт орж байна. Сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд буурч байгаа ч хангалтгүй байна.

Мөн ходоод, улаан хоолойн хорт хавдрын тохиолдлоор хоёрдугаарт орж, манай улсын 100 мянган хүнд оногдох хорт хавдрын хувь дундаж байгаа ч нас баралтын хувь өндөр байгаа нь тулгамдсан асуудал болоод байна.

Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, гуурсан хоолой, улаан хоолойн хавдар зонхилж байгаа бол эмэгтэйчүүдэд элэг, ходоод, умайн хүзүү, улаан хоолойн хорт хавдар зонхилж байна. Аль ч хүйсэнд бүдүүн, шулуун гэдэсний хавдар нэмэгдэх хандлагатай байна.

Монгол Улс дахь хавдрын нөхцөл байдлын 204-2021 он хүртэлх тоон үзүүлэлтийг харьцуулахад 100 мянган хүн амд 185 тохиолдлоос 273 болон өссөн нь өвчлөлийг дагаад нас баралт мөн өслөө. 2021 оны байдлаар өвчлөл 230, нас баралт 184 болж буурах хандлага гарч байна.

Цаашид хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааг эрчимжүүлэн, хорт хавдрын нас баралтыг 2025 он гэхэд 90 хүртэл хувь, 2030 он гэхэд 80 хүртэлх хувиар бууруулахаар ажиллаж байна.

Манай улсад жилдээ 100-120 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол шинээр оношлогдож байна. 2021 онд 0-19 насны  115 хүүхдэд хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж, 55 хүүхэд нас барсан байна.

Цусны цагаан эсийн хавдар 37 хувь

Тархи, мэдрэлийн хавдар 15 хувь

Яс мөгөөрсний хавдар 6 хувь

Тунгалагийн булчирхайн хавдар 3 хувь

Өндгөвчний хорт хавдар 3 хувийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар 0-19 насны 456 хүүхэд хяналтад байна.

Орчин үеийн үр нөлөө сайтай хими эмчилгээ манай улсын хавдрын эмчилгээнд нэвтрээгүй байна. Дэлхийн улс орнууд хими эмчилгээнд 300 гаруй нэр төрлийн бай болон хосолсон эмчилгээг хэрэглэж байна. Манай улсад 60 гаруй төрлийн химийн эм, 8 төрлийн бай эмчилгээг хийдэг нь хавдрын эмчилгээний олон улсын стандартаар хангалтгүй байсаар байна.

2021 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн хорт хавдрын тусламж үйлчилгээг ЭМДС-аас анхүүжүүлдэг болсоноор хими эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулан мэргэжлийн эмчтэй аль ч эмнэлэгт хийх боломжтийг олгосон. 2021 онд ЭМДС-аас 79.6 тэрбум төгрөгийг хавдрын тусламж үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудад олгосон байна. Үүнээс хими эмчилгээнд 5 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулсан ч олон улсын удирдамжийг бүрэн хэрэгжүүлэхэд 19 тэрбум төгрөг шаардлагатай байна” гэдгийг мэдээллээ.