Ж.Батзанданг ШИНЭ намын даргаас чөлөөллөө

0
217

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн Ж.Батзанданг тус намын даргаас чөлөөлж, Ц.Гантулгыг тус намын даргаар сонгож, томилсныг улсын бүртгэлд бүртгэв.

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл (ШИНЭ) намын даргаар ажиллаж байсан Ж.Батзандан 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнгээс хамаарч тус намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж, мөн Төрийн албаны тухай 37.1.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албанд шилжин ажиллах болсонтой холбогдуулан намын гишүүнчлэлээс түдгэлзэж буйгаа тус намд бичгээр мэдэгджээ.

ШИНЭ намын Их хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “намын дарга Ж.Батзандангийн өөрийн хүсэлтийн дагуу намын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөнд тооцож,…намын даргаар Цэндсүрэн овогтой Гантулга сонгогдсоныг” баталсан нь тус намын дүрмийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т “намын даргыг сонгох, чөлөөлөх” нь Их хурлын бүрэн эрх байхаар, 22 дугаар зүйлийн 22.4-д “Их хурлын сонгогдсон төлөөлөгчдийн олонх нь хүрэлцэн ирснээр тухайн хурал хүчин төгөлдөр болно. Их хуралд оролцож буй төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэр хүчинтэй болно” гэж заасантай тус тус нийцсэн байна.

Иймд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл (ШИНЭ) намын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар Их хурлаар тус намын даргаар Цэндсүрэн овогтой Гантулга сонгогдсон тухай өөрчлөлтийг Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын улсын бүртгэлийн мэдээлэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.