Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байна

Barimt.mn
2026/04/20

Нийслэлээс хийсэн хяналт шалгалтаар он гарснаас хойш 571 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүлсэн юм байх. Үүнийгээ их том гавьяа мэтээр постер хийж, мэдээ цацаж сурталчлав. Хийсэн ажлаа тайлагнах нь зөв байх. Гэхдээ жилээр бус өдрөөр өсч буй инфляцид иргэд нь дарамтлуулж, ажилгүй, орлогогүй болж байхад татвар нэмж халаасыг нь суйлснаа гайхуулаад яах ч билээ.

Эргэн сануулахад, НИТХ-аас өнгөрсөн оны 01 дүгээр сарын 01-нээс тээврийн хэрэгслийн албан татварыг гурав дахин нэмэх ямар ч үндэслэлгүй, гэнэтийн шийдвэр гаргасан. Мөн зам ашигласны татварыг тав дахин нэмэгдүүлсэн. Энэхүү нэмэгдлээр, “Приус” 36.000-аас 108.000, “Лексус 570” 188.100-гаас 564.300, “Портер” 30.000-гаас 75.000, “Ланд Круйзер-200” 151.800-гаас 455.400 төгрөг болсон билээ.

Зам ашигласны төлбөрийн хувьд 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20.000-аас 100.000, 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30.000-гаас 150.000, 4001 дээш моторын багтаамжтай машин 50.000-250.000 төгрөг төлж байгаа.

Хамгийн утгагүй нь дээрх шийдвэрийг гаргахдаа “Автозамын татвартай холбогдолтой санал асуулгыг журамд заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 18-нд Ulaanbaatar.mn  цахим хуудаст зарлалыг байрлуулж, иргэдийн саналыг авсан. Хоёр санал ирсэн” гээд хээвнэг тайлбарлаж суух.

Улаанбаатар хотын 1.7 сая оршин суугчийг 2 иргэн төлөөлөхгүй, тэдний эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргах гэж байгаа бол нухацтай судалгаа, олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг хийж, санал авах ёстой. Атал иргэдээ төлөөлж дуу хоолой нь болно гэж уран донгодож сонгогдсон Иргэдийн Хурлын төлөөлөгчид иргэдийнхээ эрх ашгийг уландаа гишгэчихээд өнөө хэр нүдэн балай чихэн дүлий.

 

Татварын нэмэгдлийг цуцлах саналыг өнгөрсөн оны гуравдугаар сард иргэн Э.Батбаяр гаргасныг 33 мянга гаруй улаанбаатарчууд дэмжиж гарын үсэг зурсан. Тиймээс уг асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар зургадугаар сард хэлэлцсэн. Бүр Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд НИТХ татвар нэмэгдүүлэх шийдвэр гаргахдаа тооцоо судалгаа дутуу, олон нийтийн санал асуулга авах асуудалд процессийн алдаа гаргасан байх магадлалтай тул эргэн харж, засаж сайжруулах нь зүйтэй гэж дүгнэлтдээ дурдсан.

Улмаар УИХ-ын даргын зөвлөлөөс гаргасан шийдвэрээр Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-нд чуулганаар хэлэлцэх асуудлын тов тогтоогоод л өнгөрөв.

Ямар ч шийдвэр гарсангүй. Юу ч тодорхой биш, нэг асуудлыг хөндөөд олны анхаарал сулрахаар тэгсгээд хаячихдаг, загасны ой санамжтай тэр ажлаа хийгээч ээ гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дарга С.Бямбацогт нарт хаяглая.

Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрлөөс чөлөөлөх шийдвэр гаргасан. Тэгвэл яагаад тээврийн хэрэгслийн татварыг үндэслэлгүй нэмсэн НИТХ-ын шийдвэрийг иргэд эсэргүүцсээр ирсэн байхад цуцлахгүй байна вэ?

Эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад татварын нэмэгдэл нөлөөлдөггүй байх. Хэдэн төгрөгийн цалин авдгаа ч мэддэггүй, мартчихдаг хүмүүс шүү дээ. Харин энгийн иргэдэд бол энэ үндэслэлгүй татварын нэмэгдэл дарамт болсоор ирлээ.

Иргэдийн дуу хоолой болно гэж сонгогдсон юм бол эрх мэдэл, ашиг сонирхлоо түр хойш тавиад хүнээ бодсон шийдвэр гаргаач ээ, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, НИТХ-ын төлөөлөгчид өө. Та бүхний тансаглалыг иргэд татвар төлж нөхдөг байдлыг үндсээр нь өөрчлөх ёстой. Эс тэгвэл иргэд ч бас дуугүй хүлцээд удаан явахгүй. Тэр тусмаа өдрөөс өдөрт амьжиргаа доройтож байгаа үед.

Тиймээс нэгэнт татвар үндэслэлгүй гэж УИХ Ажлын хэсэг хүртэл байгуулж, Байнгын хороогоороо хэлэлцчихээд шийдвэр гаргаач ээ. Төрийн ажлыг өнөө маргааш аргацаахаа болиоч ээ. Гэж шаардаж байна. Тэртэй тэргүй элдэв татвар хураамж, орлогын хомсдолд өвдөг сөхрөхдөө тулж байгаа иргэд 2026 онд дахин үндэслэлгүй татварыг төлмөөргүй байна.

Д.Биндэр


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл хаахад 4 хоног үлдлээ 2026/04/28
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзл… 2 цагийн өмнө
С.Амарсайхан: Яаралтай тусламжийн дуудлагыг 112 дугаарт шилжүүлэх ажлы… 3 цагийн өмнө
21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа 4 цагийн өмнө
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… 2026/04/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19
Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ 2026/04/18
Энэ сарын 20-ноос албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана 2026/04/18