Төв аймагт бод малын эмнэлэг байгуулна

0
3884

БНСУ-ын Хөдөөгийн Хөгжлийн Корпораци, ХХААЯ-ны  буцалтгүй тусламжаар “Монгол Улсын мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх, мал амьтны эрүүл мэндийн төв байгуулах” төслийн хүрээнд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн дэргэд Мал амьтны эрүүл мэндийн төв байгуулагдсан билээ.

Тус төвийн үйл ажиллагаа өнөөдөр хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй суралцагчдад сурч мэдсэн зүйлээ бодитоор туршиж дадлага олох, багш нар судалгаа, шинжилгээ хийх, мал, амьтны халдварт болон халдваргүй өвчнийг орчин үеийн дэвшилтэт технологи, багаж, тоног төхөөрөмж ашиглан эмчлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байгаа билээ.

Тэгвэл тус төслийн үргэлжлэл болгож Төв аймгийн Эрдэнэ суманд бод малын эмнэлэг барих уулзалтыг хийлээ.

Уулзалтад БНСУ-ын талаас Хөдөөгийн Хөгжлийн Корпорацын Ерөнхий захирал Ким Сонг Кюн, төвийн дарга Son Hyeuk Joon, хэлтсийн дарга Jeong Joo Won, нарийн бичгийн дарга lee Seok Chan, “WOSEM” группийн ерөнхийлөгч lee Myung Sik, дэд ерөнхийлөгч Jung Jae Hun, Кёнгбүкийн үндэсний их сургуулийн профессор Cho Gil Jae, Монгол Улсыг төлөөлж Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, ХААИС-ийн ректор, доктор, профессор Б.Баасансүх, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Б.Одончимэг, Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга, Мал эмнэлгийн сургуулийн захирал, доктор Ц.Эрдэнэ-Очир, Мал, амтны эмнэлгийн захирал, доктор П.Эрдэнэтогтох, доктор Б.Отгонтөгс, Н.Очирхүү, профессор О.Баатарцогт, А.Гомбожав нар оролцсон юм.

Б.Баасансүх: Хоёр дахь шатны төслийг амжилттай хэрэгжүүлэхэд ХААИС-ийн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллана

Энэ үеэр ХААИС-ийн ректор Б.Баасансүх, БНСУ-ын Засгийн газар, ард түмний хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан Мал, амьтны эмнэлгийн үйл ажиллагаа, үйлчилгээг үр дүнтэй зохион байгуулах болно гэв. Мөн хоёр дахь шатны төслийг амжилттай хэрэгжүүлэхэд ХААИС-ийн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Lee Byung Ho: Энэ төсөл нь БНСУ-ын улсын Засгийн газраас санхүүжүүлсэн төслүүдийн дотроос амжилттай хэрэгжсэн төслийн нэгээр шалгарсан

Харин БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийн корпорацын Ерөнхийлөгч Lee Byung Ho “Монгол Улсын мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх, мал амьтны эрүүл мэндийн төв байгуулах” төсөл нь хоёр талын хамтрагчдын уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд амжилттай хэрэгжиж байна. Мөн БНСУ-ын улсын Засгийн газраас санхүүжүүлсэн төслүүдийн дотроос амжилттай хэрэгжсэн төслийн нэгээр шалгарсанд баяртай байна гэв. Мөн хоёр дахь шатны төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Г.Сурмаа: Монголчууд адуугаа дээдэлдэг ард түмэн. Тиймээс адуу дагнан эмчилдэг эмнэлэг байгуулах нь туйлын ач холбогдолтой

Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, “Төв аймгийн нутаг дэвсгэрт том амьтны буюу адууны эмнэлэг байгуулах гэж байгаад баяртай байна. Монголчууд адуугаа дээдэлдэг ард түмэн. Монголын алдартай олон хүмүүс адуу маллаж, хурдан морь уралдуулдаг. Тиймээс адуу дагнан эмчилдэг эмнэлэг байгуулах нь туйлын ач холбогдолтой. Учир нь адуу эрүүл байж уралдаанд бэлтгэгдэж, хурдан уралдах болно.  Энэ нь хоёр улсын хөдөө аж ахуйн найрамдалт харилцаанд том дэвшил болно гэж бодож байна. Зөвхөн адуу гэхгүйгээр бод мал буюу том амьтныг энэ эмнэлгээр эрүүлжүүлж эмчлэх юм гэв.