“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийнхэнд төрийн хамгаалалт хамгийн чухал байна

0
8732

Эдийн засагч, эрхзүйч Д.Бямбасайхантай улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа. Тэрбээр МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгчээр ажиллаж байсан юм. Ойрын өдрүүдэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид хэн нэр дэвших вэ гэсэн яриа анхаарлын төвд байна. Нэр нь дуулдаж байгаа хүмүүсийн нэг нь Д.Бямбасайхан юм. Тэрбээр өнгөрсөн хугацаанд нийслэлд хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр эрчимтэй ажилласан цөөхөн хүний нэг. Зарим нь ч түүнийг “Хогны” Бямбаа гэж нэрлэх нь ч бий. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Ойрын өдрүүдэд хэвлэлээр МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч хэн болох вэ гэсэн мэдээлэл их явах боллоо. Таны нэр тодорхой дуулдаж байна?

-Нэрээ дэвшүүлнэ гэдгээ хамгийн эрт мэдэгдсэн хүн нь бараг би байх. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын бодлогод төрөөс хувийн хэвшлийнхэнд зориулсан дэмжлэгийг хүсэх хэрэггүй юм билээ. Зүгээр л хамгаалалт хүсэх хэрэгтэй юм байна.

 Дэмжлэг гэж хангалттай ярилаа. Худлаа юм байна. Бизнест төрийн хамгаалалт хамгийн чухал цаг үе ирсэн байна.

-Та бол Монголын барилгын салбарт нэр нь тодорхой дуулддаг “Коёотэ” компанийг үүсгэн байгуулагч. Өнөөдөр хаа сайгүй бизнес их хүндэрлээ гэж ярьж бичицгээх боллоо. Бизнесийн орчин ямар байна вэ?

-Монголын барилгын салбар маань эргэлзээнд орсон. Энэ салбарт тооны машин барьсан хүүхдүүдтэй бид өрсөлдөж мэдэхээр болсон. Бартер ярьсан, тооны машин барьсан, чанар огт ярьдаггүй нөхөд. Ямар ч хамаагүй материалаар нэг барилга босгоод, гоё обой, шармал бариул хадаж, гялтгар гэрэл зүүгээд, гялтайсан ханын тавилга хийж өгөөд зарах. Хүн харахад үнэхээр гоё. Гэтэл чанартай барилгын үндэс нь хийц. Дэд бүтэцдээ чанар нь байдаг. Би барилгын бизнест голлон чанартаа анхаарч хөрөнгө оруулалтаа хийдэг. Барилга гэдэг дор хаяж 40, 50 жилээр чанараа даагаад явдаг. Байшин нурвал хэн хариуцлага хүлээх вэ. Барилгын салбарынхандаа одоо хэлдэг юм. Хятадын Ван овогт, Солонгосын Ким овогт Монголд ирээд баахан хороолол барьж зарчихаад явчихаж байна. Баталгаа нь хэн байх вэ. Асуудал үүсэхэд тэр хоёрт хариуцлага тооцож чадах уу. Баривчилж авчраад хохирлыг нь төлүүлж, хорьж цагдаж чадах уу. Гадаадын хөрөнгө оруулалт маш чухал, үнэхээр хэрэгтэй байна. Гэхдээ хөрөнгө оруулалт хэлбэрээр нь ашиглах ёстойгоос биш гадны хүн өөрөө барьж босгоод, зарж, борлуулах нь буруу гэж. Ерөөсөө хариуцах эзэнгүй болгочихсон.

-Тэгээд яах вэ?

-Яахав дээ, бүх эрсдэлээ үүрээд зүтгэж л байна. Чанартай юм хийе гэхээр авлига, хүнд суртал, дарамт нь дийлдэхгүй. Дээр нь үнэгүй авах гэнэ. Барилга орон сууц барихаас л өөр аргагүй. Гэр хорооллын 200 мянган өрхийг хүн шиг амьдруулахад барилгын салбарынхан чухал үүрэгтэй оролцох ёстой. Одоо Яармагийн дэнж сайхан хот болчихлоо. Энийг хэн хийв. Бизнесийнхэн хийлээ. Бүх зүйлээ эрсдэлд оруулж, хамаг байдагаа барьцаанд тавьж, зээлээр Яармагийн дэнжид хэдэн мянган орон сууцны хороолол босгочихлоо. Тэгэхээр төрийн зүгээс ингэж ажиллаж байгаа хувийн хэвшлийнхнээ магтах, урамшуулах ёстой. Бизнесийн баталгааг нь өгөх ёстой. Эзгүй хээр газарт дэд бүтцийг нь татаад, маш үнэтэй газар худалдаж аван хот босгож байна.

-Тэдгээр аж ахуй нэгжүүдийн ашиг юундаа байна вэ?

-Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ Бямбасайхан 2.5 сая төгрөгөөр орон сууц зараад байна. Гэтэл Буянт-Ухаа-1, 2 хороолол нь 1.4 сая төгрөгт босчихлоо шүү дээ” гэж ярьсан юм. Гэтэл би газраа үнэтэй худалдаж авна. Буянт-Ухаа хороолол бол төрөөс үнэгүй өгсөн газар. Би барилгын материалаа худалдаж авна. Буянт-Ухаа хорооллыг барихад үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд барилгын материалыг зээлээр өгчихнө. Дэд бүтцийг нь төрөөс хийгээд өгчихнө. Борлуулалтыг нь ипотекоор хийчихнэ. Манай компани бол бүгдийг өөрийн хүч хөрөнгөөр хийнэ. Газар тэнгэр шиг ялгаа байгаа биз дээ. Төр бизнест орохоор ингэж л хардаг, ярьдаг, эцэстээ “алдаг”. Монголын төр үнэндээ манай компани болох “Коёотэ”-г нухчихсан байхгүй юу. Ганц манайх бус ерөөсөө хувийн хэвшлийг алсан. Төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд эхлэхээр тэгээд л сөнөдөг. Эндээс юу харагдаж байна гэхээр төрийн үүрэг нь бизнес биш юм аа. Зүгээр л бизнест төрийн хамгаалалт чухал гэдгийг хаа хаанаа ойлгомоор байна. Сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж төр бизнес рүү орж болохгүй. Ард түмнийг ажилтай орлоготой байлгадаг нь бизнесийнхэн. Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга, тээвэр, ноос ноолуур… ерөөсөө хамаагүй. Бүх салбарт ажил олгогч л хамгийн чухал. Тэгэхээр энэ бүх салбарт ажил олгож байгаа эзэд гэдэг хүмүүст л төрийн хамгаалалт хэрэгтэй байна. Нэг өдөр төрөөс зэрэгцээд том үйлдвэр барьж хувийн компанийг дампууруулчихгүй биз гэсэн наад захын айдас Монголд байна. Төрийн зүгээс аж ахуй нэгжийг энэ талаас нь хамгаалах хэрэгтэй. Энэ мэтээр хүсэх зүйл их.

-Гэхдээ Монголын бизнесийнхэнд учир их бий. Алдаа их байгаа гэж хардаг?

-Бас үнэн. Жишээ нь гадны хөрөнгө оруулалтыг төр дэх луйварчидтайгаа нийлээд дээрэмдээд хөөгөөд явуулчихдаг. Тэгэхээр Монголд хэн хөрөнгө оруулах юм бэ. Гадны хөрөнгө оруулагчдын хамгаалалтыг тухайн Элчин сайдын яамд нь давхар хийж явдаг л даа. Манайд байгаа бүх орны Элчин сайдын яамд эдийн засгийн судлаачидтай, тэд манайхыг судлаад сууж байдаг. Монголын бүх хууль дүрэм журам, нөхцөл байдлыг судлаад, тэр мэдээллүүдээ нэгтгээд өөрийн орны төр засагт өгнө. Улс нь хэнд өгдөг гэхээр тухайн улс орныхоо бизнесийн толгой байгууллага болох, одоо манайхаар бол Худалдаа аж үйлдвэрийн танхимдаа өгдөг. Тэр байгууллага нь “Танайх тэр улс руу хөрөнгө оруулалт хийх, бизнес хийх гэж байгаа бол манай дээр ирж зөвлөгөө авна уу” гэх жишээтэй. Бизнес дэх төрийн хамгаалалт гэдгийг энэ мэт өргөн агуулгаар нь би яриад байгаа юм.

-Гэхдээ хувийн хэвшлийн зүгээс “Төрөөс дэмжлэг хэрэгтэй байна” гэж их ярьдаг шүү дээ?

-Томьёолол нь буруу гэдгийг эхэнд би хэлсэн. Төрөөс дэмжлэг хэрэгтэй байна, татварын орчин хэцүү байна гэж одоо яримааргүй байна. Асуудал мэдээж байгаа. Татвар их өгч байгаагаа илүү дарамталдаг. Жишээ нь НӨАТ байна. Улс орны мөнгөний гол урсгал хаана яваад байгаа дээр ухаалаг бодлого хэрэгжүүлдэггүй. Манай гадаад худалдаа нь ГХЯ дээр. Дотоод худалдаа нь ХААЯаман дээр байдаг. Энэ хоёр газарт нь зүгээр цаас бөглөгчид сууж байдаг. Аж ахуй нэгжүүдийн кассаар орсон орлогыг, Татварт өгсөн тайлантай нь баланслуулаад, тэгээд дотоод худалдааны эргэлт тэдэн их наяд, гадаад худалдааны эргэлт эдэн их наяд боллоо, алдагдалгүй ажиллалаа гэх шиг юм бэлдээд сууж байдаг. Зүгээр л Статистикийн газрын мэдээллийг бүрдүүлэгч. Угтаа бол гадаад худалдаа тэлээд байгаа юм бол хэдийг нь “Баялгийн сан” руу татах вэ. Хэдийг нь хөрөнгө оруулалт хэлбэрээр ард нь барьцаа тавьж байгаад мөнгө босгох вэ гэсэн бодлого наад зах нь явах ёстой. Бидэнд одоо нэг тэрбум доллар хэрэгтэй байна. Түүний 100 сая долларыг нь Засгийн газар гаргая, үлдсэн 900 саяыг нь гаргах санхүүгийн байгууллага дэлхий дээр байж байдаг. Ийм менежмент хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг худалдаа руу нь хийх үү, үйлдвэрлэл рүү нь хийх үү. Худалдаа-үйлдвэрлэл хоёр нь сэргэтэл тээвэр ложистик нь байдаггүй. Тэгэхээр үндсэн зорилгоо биелүүлэхийн тулд дэд бүтцээ барих уу. Ингэж эрэмбэлээд худалдааг дэмжихийн тулд ложистикоо эхлээд хийе. Үргэлжлүүлээд үйлдвэрлэлээ, залгуулаад экспортоо дэмжье… гэхчлэн явмаар байгаа юм. Ийм л эдийн засгийн анализ хийдэг газар байхгүй учраас миний бие 2013 оноос эхлэн Худалдаа аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлд орсон, Тэргүүлэгчээр ажилласан.

-Тодорхой зорилго чиглэлтэй л МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлд орсон юм байна. Тэгээд ажил хэр амжуулав?

-Танхим дээр ирсэн төр, засгийнханд би нэг л зүйлийг ярьсан. Худалдаа аж үйлдвэрийн танхимд Худалдааны яамны статусыг л өгчих гэж. Бид худалдаагаа мэдэж хийе. Далд нууц мэдээлэл дээр бид судалгаа ч байхгүй дайрч орж байна. Өрсөлдөгчид учраас бид бие биедээ хэлэхгүй. Хулгайчид шиг дэлгүүр, зах, бөөний төвүүдээр хүн явуулж судлаад л… Уучлаарай хөгшөөн, зарж байгаагаас чинь хямдхан бараа оруулаад ирье гэдэг. Үнэндээ хямдхан юм л аюултай байхгүй юу даа. Оруулаад ирлээ, хүнсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр байвал яах вэ. Бизнесээ босгосон хүний хөдөлмөр гэж 10, 20 жилээр яригдах үнэ цэнэ бий. Чанартай үйлдвэрлэл явуулах, зах зээлтэй болох… гээд. Энэ нь нэг өдөр л хямдхан бараанаас болж будаа болдог. Наад зах нь үүнээс Монголын бизнес эрхлэгчдийг хамгаалах тухай яриад байгаа юм. Энэ мэт олон асуудал дээр Худалдаа аж үйлдвэрийн танхим бодлого гаргаж, бодлого ярьж байх ёстой. Салбар бүрд салбаруудаараа дамжуулан хэрэгцээтэй ажлууд хийж байх ёстой.

-Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэж сүүлийн үед басчиг их ярьдаг болжээ?

-Үүнийг нийгэм анхаардаг болсон нь сайн хэрэг. Бодит байдал дээрээ төр-хувийн хэвшил хоёр нь зодолдоод байдаг. Төр-иргэний хоорондын харилцаа нь улс төржчихсөн. Бид ер нь ийм байдалтай хэдэн жил явах юм бэ. Асуудал үүсэхээр бөөн уурласан хүмүүс гараад ирдэг. Ийм байдалд орохгүйн тулд анхнаасаа зөв бодлогыг гаргах. Миний зүгээс дахин дахин яриад байгаа таны хийдэг бизнес, таны бий болгосон хөрөнгийг төрөөс ингэж хамгаална гэдэг нь тодорхой байх ёстой. Энэ бол Үндсэн хуулиар заагдсан төрийн үүрэг. Та түрүүнд хэлсэн. Бизнесийнхэнд, өөрсдөд нь дутагдал бас бий гэж. Үнэн л дээ. Жишээ нь бизнесийнхэн бид Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн холбоо, Бизнесийн зөвлөл, Улаанбаатар хотын танхим, дээр нь Мэргэжлийн бүх холбоод… солиортолоо задарч, бутарсан байдалтай. Хуучнаар бол Манжийн бодлого маягтай. Салгаад, хооронд нь ажлыг нь булаацалдуулаад, хэрэлдүүлээд, амбицийг нь хөдөлгөөд. Энэ нь өөрөө их хортой. Бизнес эрхлэгчдэд дэндүү хортой. Хэнд ашигтай гэвэл бидний төлөө бодлого хууль хийж чаддаггүй төрд ашигтай. Амар байгаа байхгүй юу. Юу яриад байгаа юм, тэр холбоонд чинь л өгчихсөн шүү дээ гэдэг. Холбоотойгоо ярьцгаа, Танхим чинь л зохион байгуулна… гэх шиг. Үүн дээрээ бизнесийнхэн бид онцгой анхаарах ёстой.

-Худалдаа аж үйлдвэрийн танхимд гарал үүслийн эрхийг төрөөс шилжүүлсэн нь эцэстээ ийм байдалд оруулж байна уу?

-Яг нарийндаа яривал гарал үүслийн бичгийг олгож байгаа субъект чинь өөрөө нийтийн албан хаагч байх хуультай. Гэтэл шилжүүлээд танхимд өгсөн, самар гэхчлэн болох бүтэхгүй асуудлууд гарахаар “Энэ ер нь болохгүй юм байна” гээд төрөөс буцааж авах шийдвэр гаргачихаж байна. Ингээд л боллоо. Эрх өгсөн, болсонгүй. Тэгэхээр би юу ярих гээд байна гэхээр ийм асуудал үүсэх магадлалтай учраас Төр-Бизнес хоёр нягт хамтарч ажиллах ёстой. Асуудал үүсэх нь тодорхой зүйл дээр дуугүй байдаг. Асуудал үүсээд ирэхээр төр дэмжихгүй байна гээд зодолдоод эхэлдэг. Бид хоорондоо зодолдоод байх 100 сая хүн амтай улс орон биш. Гурван сая хүний чинь 500 мянган л энэ улс орныг тэжээнэ. Төрийн зардал их. Төрийг бид яаж баян болгох вэ гэдэг маш чухал ажил. Бид төрийг маш баян болгох ёстой. Бид чинь хилтэй, бас хэлтэй, түүхтэй, ёс заншилтай, үндэсний гэх юм бүгдтэй улс орон. Тийм болохоор төр засаг нь баян баймаар байна. Төр-Бизнес хоёр дайснууд биш сайн хамтрагчид байж гэмээнэ хөгжинө, баяжина, хүчирхэгжинэ. Төр нь хамгаалдаг, бизнес нь тэжээдэг. Энэ бүгд нь шударга. Тэжээнэ гэдэг нь авлига биш, давуу эрх биш, жалга довны үзэл биш, шударгаар боломжийг эн тэнцүү олгох, гарааны нөхцөл адилхан байх. Ингээд зах зээлийнхээ хуулиар босох нь босоод, унах нь унаад явна. Яг одоо ковидын үеийнх шиг ноцтой хямрал эхэлчихэв үү гэж яригдаад эхэлсэн. Өнөөдөр бизнесменүүдийн сууж байгаа оффис, ажиллуулж байгаа үйлдвэр, унаж байгаа машин, амьдарч байгаа гэр орон бүгд гоё байна. Гэтэл энэ бүх хөрөнгө нь тэр чигээрээ банкны барьцаанд байгаа. Энэ юу хэлж байна гэхээр Монголын бизнесмэнүүд тэр чигээрээ санхүүгийн хангалттай нөөцтэй болоогүй гэсэн үг. Монгол банкны нөөц дөрвөн тэрбум долларт хүрлээ гэх. Энэ мөнгийг хадгалаад байх ёстой юм уу. Эргэлтэд оруулах ёстой юу. Энэ бол төрийн бодлого. Чи бид хоёрын наймаа 100 сая дотроо эргэлдээд байх нь зөв үү. Хошин шогийн хоёр нөхрийн тоглолт байдаг шүү дээ. Хоёулаа нийлж хуушуур хийж зардаг. Бие биедээ хуушуураа зарж идсээр байгаад дуусчихдаг. Бүх хуушуураа зарсан, сав нь хоосон үлдсэн. Тэр хоёр дундаа ганц ширхэг 500 төгрөгтэй, түүгээрээ бие биенээсээ хуушуур авч идсээр байгаад дууссан. Хуушууранд гарсан зардал, цалин хөлс бүгд байхгүй. Ийм л жалганы бизнест Монгол Улс эргэлдэж болохгүй. Бизнесээ томсгох, тэлэх ёстой. Хамгийн аюултай нь монголчууд бид 500 жил, доод тал нь 100 жил бизнес хийчихсэн нөхөдтэй өрсөлдөх гээд байна. Ердөө 30 жилийн бизнесийн замналтай, анх удаа бие даасан толгойгоор ажиллаж, өрсөлдөх болчихлоо. Ярихаараа бид далайд гарцгүй учраас хөгжихгүй байна гэдэг. Гэтэл Хятад-Орос гэсэн аймаар том далай байна. Ийм урт хилтэй. Бид яагаад их газрын Венецийн суваг болж болдоггүй юм. Сэргээгдэх эрчим хүчний технологи өнөөдөр хоёр дахин хямдраад байна. Манайд “Ногоон сан”-гийн чинь эх үүсвэр байна. Манай эрчим хүчийг эко гээд зарахад хангалттай ашиг олно. Японд гэхэд нүүрсний тог, сэргээгдэх эрчим хүчний тог хоёрын үнэ тэс өөр дүнтэй. Монголын ийм их өргөн уудам нутагт юу л байна, сэргээгдэх эрчим хүчний эх ундарга л байна. Тэгэхээр бид төр засгаа хүчтэй баян болгоод, хүчтэй төрийн нөмөр нөөлөг дор, хамгийн гол нь хамгаалалтан дор бүх бизнес нь хүчтэй явмаар байна. Өгөх ёстой татвараа өгнө. Түүнийхээ хэрээр төрийн хамгаалалтаа авна. Боломжуудаа авна. Германы улстөрчид шинжлэх ухаанчдынхаа гаргаж өгсөн томьёолол дотор л улс төрийн бодлого, шийдвэрээ эргэлдүүлдэг. Тэрнээс хальж гарсан Канцьерыг шууд огцруулдаг. Тэгэхээр Монголын төр шинжлэх ухаанч байх ёстой. Бид нэг жижиг үйлдвэр оруулаад ирнэ. Заавал нэг гадны мэргэжилтэн, суурилуулах инженер, сургагч дагуулж ирнэ. Уг нь манай хүмүүс л суурилуулах ёстой. Басчиг Монголоор дүүрэн элдэв үйлдвэр байна. Тэр бүгд дээр манай эрдэмтэд ажиллах ёстой. Дэлхийгээс ирсэн технологиуд дээр. Гаднаас ирж байгаа тэр мэргэжилтний замын зардал, хоол унд, амьдрах байр, томилолтод чамгүй их мөнгөө урсгах уу, өөрсдийн мэргэжилтэн эрдэмтэддээ өгөөд үйлдвэрлэл, технологио сайжруулаад явах уу. Төр-Шинжлэх ухаан-бизнесийнхэн хамтраад, бодлогоор хайрцаглагдаад явах нь л хамгийн чухал байна. Миний зүгээс яриад байгаа гол концепци ерөөсөө л энэ. Худалдаа аж үйлдвэрийн танхимын зүгээс анхаарах хамгийн чухал ажил энэ.

-Та ер нь тэгээд МҮХАҮТ-ыг яаж ажиллаасай, ямар үр дүнд хүрээсэй гэж харж байгаа вэ?

-Ний нуугүй хэлэхэд өнөөдөр МҮХАҮТ бол гадаад дотоод үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг, шинэ жилээр өргөмжлөл гардуулдаг газар болсон. Жишээ нь шинэ жилээр манай компанид өгсөн шилэн өргөмжлөлүүд цаана чинь байна. Би тэгээд хэлдэг юм, “Энэ шилдэг гэж бичсэн шилийг чинь барьж очихоор банк хөнгөлөлттэй зээл өгөх үү. Хотын захиргаан дээр очихоор үйлдвэрээ барь гээд газар шууд өгөх үү” гэж. Танхимаас шалгаруулдаг ТОП 100 аж ахуй нэгжид тэгээд үр ашиг нь юу байгаа юм бэ. Давуу юм юу байгаа юм бэ.

-ТОП 100 аж ахуй нэгжийн захирлуудад ногоон паспорт өгөх тухай яригдсан. Бүтсэн үү?

-Уг нь тэр ногоон паспортыг өгвөл цаг алдахгүй гадагшаа яваад яриа хэлцэл хийхэд хэрэгтэй л юм. Гэвч өгөөгүй. Яаралтай хөрөнгө оруулалтын ажлаар маргааш Сөүлд байх ажил гарвал би виз мэдүүлэх гээд Элчинд нь паспортаа 45 хоног өгчихөж байгаа юм. Одоо бүх зүйл цахимаар гэдэг болж. Гэвч эцсийн шийдвэрийг яг л нүүр нүүрээ харж шийддэг нь дэлхийд хэвээрээ шүү. ТОП 100 аж ахуй нэгжийн тухайд хил, гааль дээр хүртэл хөнгөн л баймаар байна. Хил гааль дээр нэг л их шалгасан, саатуулагдсан компаниуд. Арай өөр байх ёстой л доо. Өнөөдөр Монголд том сангууд байна. НДС, ЭМДС гэхчлэн. Мөнгө нь бэлэн байдаг байх. Гэтэл эрх мэдэлтнүүд яаж гараа дүрж байна. Гэтэл энэ хоёр сан нь ТОП100 аж ахуй нэгждээ нээлттэй байж болно. Шаардлага гарвал аль ч аж ахуй нэгж нь ТОП100 болсон эрхээрээ тэндээс нэг тэрбумын хөнгөлөлттэй зээлийг шууд авдаг. ТОП100-гийн шалгаруулалтын 100-д жагссан компани 100 сая төгрөгийн зээл авдаг ч юм уу. НДС-гийн мөнгийг нэг хувийн хүүтэй өөртөө байршуулах банк нэг ч байхгүй. Харин компаниуд бол дүүрэн байна. Ийм боломжуудыг олгож болно шүү дээ.

-Шулуухан асуухад манай томоохон компаниуд жижиг аж ахуй нэгжүүддээ боломж өгдөггүй. Бизнесийнх нь орон зайг булаадаг тодорхой асуудлууд бий. Та ямар байр суурьтай байна вэ?

-Гадны бизнесийн соёлыг хар. Жишээ нь би усны юм уу, ундааны бизнес эрхэлдэг байя. Гэтэл үйлдвэр нь огт өөр компани байх жишээтэй. Тухайн үйлдвэрт нь манайх брэндийн технологийн захиалгаа л өгнө. Ийм орцтойгоор, ийм хэмжээтэй, тэдэн сая ширхэг ус үйлдвэрлээд өг гэж. Танайхаас тэр ложистикоор, тэдний агуулах руу явна. Бизнесийн агуулга нь юу гэхээр бүгд ажилтай орлоготой байх. Тусдаа тусдаа бизнестэй амьдрах. Одоо Азийн хөгжиж байгаа орнууд бүгд ийм л байгаа. Төрийн зүгээс хамгаалалт сайн хийнэ. Япон гэхэд хэдэн том компаниа чадавхжуулна, дэмжинэ. Хооронд нь төрийн зохицуулалтаар өрсөлдүүлэхгүй. Боломжийг зааглаж олгоно. Танай үйлдвэр 10 сая хүнтэй энэ мужид байрлана. Энэ мужийн бүх хүүхэд сургуультай, эмнэлэгтэй, хөгшид нь хангалттай тэтгэвэртэй байх ёстой шүү гэхчлэн үүрэгжүүлдэг, хариуцуулдаг. Ийм эрх үүргийг тухайн корпорацид өгсөний дараа, тэдний ард банкууд нь дугаарлаад зогсож байдаг. Манайхаас санхүүжилт аваач, мөнгө нь байна гээд. Тэрбум доллар хүүгүй өгье гэж. Яагаад хүүгүй санхүүжилт өгч байна гэхээр нэг тэрбум долларын гүйлгээний шимтгэл нь маш их тоо байдаг.

-Манай арилжааны банкуудад энэ нөхцөл нь хэдүйн бүрдсэн харагддаг даа?

-Монголд зарим нэг банкууд хүүлэгч, ломбард болсон. Одоо болих хэрэгтэй, гүйлгээний шимтгэл чинь та нарт хангалттай ашиг өгнө. Дэлхий угаасаа ийм болчихсон. Манай улсад хоёр сая хэрэглэгчтэй банк байна. Нэг удаа гүйлгээ хийхэд 100 төгрөгийн шимтгэл гэж тооцвол 400 сая төгрөг. Карт ганц уншуулах, апп-аар ганц гүйлгээ хийхэд 100 төгрөгийг банк авна. Ийм сайн нөхцөлтэй болчихсон банк одоо эргэлтдээ сайн анхаарах ёстой. Гэтэл бахь байдгаараа хадгаламж их татаж, түүнийгээ өндөр хүүлж мөнгө олох зорилготой. Энэ технологи чинь одоо дэлхийд байхгүй болсон. Ингэж ярихаар нөгөө хадгаламжтай хүмүүс уурлаад эхэлдэг. Тэдэнд хэлэхэд “Уучлаарай, маш олон сангууд бий болчихлоо. Тэд санхүүгийн зах зээлийн менежментийг сайн хийж байна. Аль үйлдвэрт хөрөнгө босгож өгөх вэ. Судалгаа, шинжилгээ, баталгаа бүгдийг нь гаргаж өгдөг. Хадгаламж эзэмшигчдийг энэ зүг рүү явцгаа” гэмээр байна. Ирээдүйд хэдэн төгрөгийн хадгаламж үлдээх юм уу, сайн хувьцаа үлдээх үү. Бодох цаг нь болсон. Ингэж байж Монголын эдийн засаг том эргэлттэй, том мөнгөний зах зээл болно.

-Энэ бүх үйл ажиллагааны төв цэг нь МҮХАҮТ байх ёстой л гэж та яриад байх шиг байна?

-За ер нь миний энэ яриад байх бүх сэдвийг нэгтгэж, төрийн хамгаалалтад оруулж чадвал Монголын бизнесийн орчин сайжирна. Үүнд МҮХАҮТ хамгийн их үүрэгтэй. Энэ бүгдийн үр дүнд системийн өөрчлөлт хийгдэнэ. Монголчууд өнөөдөр энэ дэлхий дээр хамгийн аюулгүй, эрсдэлгүй улс орны иргэд. Дайнгүй, шашины мөргөлдөөнгүй, цунами, хилийн маргаан, газар хөдлөлт… бүгд бидэнд байхгүй. Ийм нөхцөлд Монгол Улс дэлхийн санхүүг татах бүрэн боломжтой. Шулуухан хэлэхэд дэлхийн оффшор улс болох ёстой. Дэлхийн санхүүчид хаана хамгийн аюулгүй газар байна, тэнд мэдээллээ хадгалдаг болчихлоо. Том том дата центрүүд хадаглах найдвартай газар олдохгүй, далайд хүртэл датаг нь хадгалсан хөлөг онгоцууд хөвж байна. Тэдгээр дата центрүүдийн хүчинд л дэлхийн бизнес яригдаж байна. Дэлхийн хэмжээний шинжлэх ухаан, технологийн ололтууд хэрэгжиж байна. Манайх хамгийн гоё нь хүйтэн улиралтай. Тэр датануудыг авчирч хадгалъя. Цэвэр мөнгийг авчирч хадгалъя. Тэднээс татвар авахгүй, зүгээр жаахан шимтгэл авъя. Тэр нь бидэндээ хэдэн тэрбумаар орох мөнгө. Болж өгвөл тэр мөнгөнд нь манайх менежмент хийх боломжтой. Бусад улс орнууд өөр өөрийн онцлогтоо тохируулан яаж хөгжөөд байгааг олж харах цаг болсон. Бид ончтой харж, их мөнгөн дээр тоглож сурах цаг болсон. Амиа бодож довоо шарлуулаад 30 жил явцгаалаа. Одоо том харж, том сэтгэж, том тоглоё. Томоор ч хамаагүй алдаж суръя. Ингэж байж л Монгол Улс хөгжинө. МҮХАҮТ нь ийм хэмжээнд харж сэтгэж, эх орныхоо эдийн засгийг зөв зам дээр гаргахад голлох үүрэгтэй ажиллах ёстой. Энэ бүгдийн түшиг тулгуур нь бизнесийнхэн бид юм. Бид өөрсдөө ухаалаг, эх оронч, соёлтой байх нь хамгийн чухал. Ер нь бол төрөөс шалтгаалах тодорхой олон асуудал байгааг манай бизнесийнхэн дор бүрнээ мэдэж байгаа. Жишээ нь миний зүгээс АМНАТ-ийг цуцлуулах тал дээр МҮХАҮТ онцгой анхаарч төр засагтай ажиллах ёстой гэж үздэг. Үүнийг хийнэ. АМНАТ-ийн тухайд зүгээр гааль дээр л ганц татвар авах ёстой. Тэрнээс галт тэрэг өртөө бүр дээр зогсож, анхнаасаа аваад шалгуулчихсан тасалбарыг дахин дахин шалгаад байгаатай АМНАТ ялгаагүй болсон. Одоо МҮХАҮТ-ын дэргэдээс Арбитрыг авах юм шиг байна. Ингэж болохгүй л дээ, төрийн хамгаалалтыг МҮХАҮТ авна, Танхимын хамгаалалтыг бизнесийнхэн, аж ахуй нэгжүүд авдаг тийм зарчим үйлчлэх ёстой. Энэ мэт танхим дээр анхаарах, ажил хэрэг болгох олон асуудал бий. Эцэст нь хэлэхэд бизнесийнхэн бид хууль тогтоомжийг ягштал мөрдөж ажиллах ёстой. Үлгэр дууриал болох хэмжээнд. Тэгж байж төрөөс хамгаалалт хүснэ. Хүсэх эрхтэй болно. Тэрнээс хууль, дүрэм журмаас гадуур ажиллах нь эргээд бидний хоолойг боомилдог. Үүнийг бүгд мэддэг хэдүй ч “Ажлаа бүтээхийн тулд…” гэсэн зүйл ярьдаг. Энэ хандлага л эргээд Монголын бизнесийн орчныг тэр чигээр нь харлуулж байгаа юм. Үнэн хэрэгтээ Монголын бизнесийн орчин эрүүл болчих юм бол нийгэм тэр чигээрээ эрүүлжинэ шүү дээ.