“Хөнгөн галт тэрэг” төсөл хэрэгжүүлнэ

0
260

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ төрөл нэвтрүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх, авто замын сүлжээний ачааллыг бууруулах зорилгоор LRT буюу тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр нь гурван трасстай бөгөөд эхний ээлжид нэгдүгээр шугамын чиглэлийн трассын бүтээн байгуулалтын ажлыг 2022 оны тавдугаар сард эхлүүлэх юм байна. Төслийн нөлөөлөлд өртсөн газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөжээ. Энэ газарт 30 га газарт депо, 63 га газарт авто зогсоол, 17 га газарт оффис, худалдаа, үйлчилгээний зориулалтын бүтээн байгуулалт хийх аж.

Хөнгөн галт тэрэгний нэгдүгээр шугам нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа 2” хороолол орчмоос Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжилнэ. Харин хоёрдугаар трасс нь Шар хаднаас Толгойт хүртэл 17.5 км, гуравдугаар трасс нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Зунжин хүртэл 14 км байхаар тооцсон байна. Одоогийн байдлаар нэгдүгээр шугамын ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийж дууссан бөгөөд 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулж, туршилтын галт тэргийг явуулахаар төлөвлөжээ. Туршилтын галт тэргийг зургаан сарын хугацаанд явуулаад, 2025 оноос нийтийн тээврийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэхээр тооцсон байна. Нэгдүгээр шугам нь  15 буудалтай байх бөгөөд нийтдээ 110 га орчим газарт бүтээн байгуулалт хийх юм.