Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэнэ

0
2291

Цогтцэций өртөөний дарга О.Амарсанаагаас тэээвэрлэлтийн талаар тодрууллаа.

 Шатахууныг төмөр замаар тээвэрлэснээр хөрсний бохирдлыг багасгах, байгаль орчинд үүсэх сөрөг нөлөөллийг бууруулна

-Монголын төмөр зам ТӨХК Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэнэ гэсэн. Энэ талаар тодруулбал?

 -“Монголын төмөр зам” компани нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичиг байгуулснаар стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангана. Талууд төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж шатахуун тээвэрлэснээр хөрсний бохирдлыг багасгах, байгаль орчинд үүсэж болох сөрөг нөлөөллийг бууруулах, даац хэтрүүлэн шатахуун тээвэрлэж авто замаа эвдэхгүй байх ач холбогдолтой. Тээвэрлэлтийн удахгүй эхлүүлэхээр бэлтгэл ажил ханган ажиллаж байна.

-Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийг эхлүүлсэн. Хэчнээн хэмжээний тээвэрлэлт хийв?

-Зам, тээврийн хөгжлийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиан Транс Лайн” ХХК хамтран зохион байгуулж буй Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар Ханги-Мандал боомтоор экспортын тээвэрлэлт хийх туршилтын тээвэрлэлтийг 2023 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. “Тавантолгой өртөө”-нөөс “Тавантолгой-Цогтцэций-Цагаанцав-Ханги” чиглэлийн төмөр замаар Ханги боомтод экспортын нүүрс тээвэрлэн хүргэж байгаа гэсэн үг.Туршилтын тээвэрлэлт амжилттай үргэлжилж өнөөдрийн байдлаар 21 мян.тн экспортын нүүрс тээвэрлэсэн үзүүлэлттэй байна. Цаашид ч тээвэрлэлтийг үргэлжлүүлнэ.