Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус газраас сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудын хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.

Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож хөл хорио тогтоогоод буй. Харин Гандантэгчинлэн хийдээс сар шинийн баяраар уламжлал ёсоор ном хурах үйл ажиллагаа зохион байгуулна гэх байр суурийг илэрхийлсэн билээ. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шашны байгууллагуудад хяналт тавьж, олон хүн цуглуулсан үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдэл хүргүүлжээ.

Сар шинийн баярыг угтсан хяналт шалгалтын хүрээнд зах худалдааны төвүүд болон согтууруулах ундааны газрууд, хүнсний үйлдвэр үйлчилгээний аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж зөрчил гаргасан 35 аж ахуй нэгж, 74 иргэнд 47 сая 950 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Тухайлбал, хадгалалтын хугацаа дууссан 188 ширхэг 597 мянган төгрөгийн үнэ бүхий түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүнийг устгалд оруулсан бол хугацаа нь дууссан 30 нэр төрлийн 97 ширхэг 248 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгахаар болсон байна. Мөн хаяг шошгын зөрчилтэй 10 кг банш бууз, 1862 ширхэг 2 сая 772 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийсэн байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэдэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хадгалалтын хугацааг нь анхаарч, хаяг шошго нь тодорхойгүй ил задгай худалдаалж буй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг зөвлөлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here