Ирэх сард нийт нутгаар цаг агаар олон жилийн дунджийн орчим байх бөгөөд нэг, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлээр, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсэх төлөвтэй байна.

Ихэнх нутгаар нэг ба хоёрдугаар арав хоногт бороо орж, борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.

Дорнодын ихэнх нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, харин Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд, Завхан, Өмнөговийн баруун хэсгээр, Ховд, Говь-Алтайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур бороо орох бол бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй байна гэж Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР

Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 2-16 градус, Алтайн өвөр говиор 20-26 градус, бусад нутгаар 16-20 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэг, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлээр, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсэж уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр өдөртөө 32-37 градус хүртэл хална. Харин бусад нутгаар 26-31 градус хүрч халах төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногт зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР

Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун хэсгээр 10-16 градус, бусад нутгаар 16-20 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсэж  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын сав нутгаар зарим үед 31-36 градус хүрч халах төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногт түр зуурын дуу цахилгаантай бороо орох төлөвтэй.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР

Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 16-24 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсэж нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх ба зарим өдөр 31-36 градус хүрч халах төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн, сүүлчээр дуу цахилгаантай түр зуурын бороотой.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР

Агаарын температурын сарын дундаж нь нийт нутгаар 18-26 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүсэж нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эх болон сүүлчээр зарим газраар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орно.

Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус дулаан байх ба зарим нутгаар өдөртөө 31-36 градус хүрч халах төлөвтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here