Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлэхээр болсон талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, ирэх даваа гараг буюу дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн иргэд гадаад паспортын энгийн, яаралтай үйлчилгээг зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн дөрвөн төвөөс авах боломжтой боллоо. Ингэхдээ харьяалал харгалзахгүйгээр төвийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гадаад паспортоо захиалж, авахдаа заавал захиалсан дүүргээсээ бус өөр дүүргээс ч авах боломж бүрдэж байна.

Энэ талаар Дэд дарга Д.Дэлгэрсайхан “Гадаад паспортын үйлчилгээг 100 айлд байсан нэгж дээрээс 10 нэгж рүү шилжүүлж байна. 2017 онд гадаад паспорт захиалах иргэдийн тоо 60 мянгаар нэмэгдсэн. Энэ жил ч нэмэгдэх нь тодорхой байна. Тиймээс бид ачааллыг бууруулах зорилгоор паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүллээ. Дүүрэг бүрт гадаад паспортын хоёр цонх ажиллуулна. Паспортоо дүүрэг харгалзахгүй захиалж болно. Паспорт сунгахгүй болсон нь олон улсад мөрдөгдөж буй стандарттай холбоотой. Хоёрдугаарт Монгол иргэд гадаадад хил гаалиар гарахад асуудал гаргахгүй үүднээс сунгалтыг зогсоосон. Цаашид бид паспортны чанарыг сайжруулахад улам анхаарна” гэв.

Үйлчилгээний цэгийн тоо нэмэгдсэн ч гадаадад зорчих иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, ачаалал их байжээ.

Тухайлбал, улсын бүртгэлийн байгууллага

2015 онд 286862

2016 онд 298464

2017 онд 350421

2018 оны гуравдугаар сарын 15-ны байдлаар 70489 иргэнд гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээ үзүүлсэн байна. Тиймээс энэ ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэхийн тулд төвийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн газарт гадаад паспорттой холбоотой үйлчилгээг шилжүүлж байгаа аж.

Ийнхүү иргэд Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 4 төвөөс гадаад паспортын энгийн болон яаралтай үйлчилгээг харьяалал харгалзахгүй авах боломжтой болж байна. Гэхдээ одоохондоо зөвхөн захиалга өгөхдөө харьяалал харгалзахгүй өгөх бөгөөд эхний хоёр, гурван сардаа иргэд захиалсан газраасаа л паспортоо очиж авах боломжтой аж. Харин ажил жигдрэхээр харьяалал харгалзахгүй хүссэн газраасаа хүлээн авах боломж бүрдэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here