Нийслэлийн Баянгол дүүрэг Төмөр замын хажууд байрлах 1000 машины авто захыг нүүлгэх шийдвэр гарсаны дагуу өглөө 07 цагаас эхлэн тус газрыг чөлөөлөх ажил эхэлсэн байна. Гэвч худалдаа эрхлэгчид болон цагдаа нарын хооронд үл ойлголцол үүсч, маргалдан, зодоон үүсч, зарим худалдаа эрхлэгчдийг баривчилсан байна.

Тус зогсоолын арын замын хөдөлгөөнийг хааж, цагдаа нар тус зорчих хэсгийг хамгаалалтад авсан. Мөн машинуудыг найман ачигч машинаар ачин нүүлгэж байгаа аж.

Авто худалдаа эрхлэгчдийн зүгээс “уг газрыг 2007 оноос эхлэн тордож, 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Оны өмнөөс биднийг цагдаа нар нэг ч унтуулсангүй, бид данда манаж хонолоо. Нямдорж гуайд бидний зүгээс өргөх бичиг өгсөн. Гурван шатны шүүхийн шийдвэр 2017 оны 12 сарын 4-нд “Даяар хас” компанийн талд гарсан байтал тэрнээс өмнө Су.Батболд 2017 оны 11 сарын 20-нд “Улаанбаатар төмөр зам”-д гэрчилгээ гаргаж өгсөн байна. Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад ингэж болох уу” хэмээлээ.

Харин “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс 1000 машины зах байрлаж буй газар нь анхнаасаа манай мэдлийнх байсан. Хөрөнгө мөнгө боломжгүй байсан учраас 2006 оноос “Даяар хас” компанид түрээслүүлсэн. Гэрээний хугацаа 2016 онд дууссан. Одоо дээрх газарт орчин үеийн төмөр замын вокзал барина хэмээн мэдэгдээд байгаа юм.

Тус зогсоолд 400-аад хүн ажиллаж, амьдралаа залгуулдаг байна. Мөн худалдаа эрхлэгчид “шинээр байгуулсан авто зогсоол руу нүүе гэхээр тухайн газар нь маш хүйтэн, тог цахилгааныг нь шийдэж өгөөгүй, хүн ажиллах нөхцөлгүй. Төр ард түмэндээ төмөр нүүрээ харуулж байна. Бид үр хүүхдийнхээ талхны төлөө л ажиллаж байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй юм байна” хэмээн бухимдаж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here