1970, 80-аад оны залуучуудыг  “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дуугаараа байлдан дагуулж явсан Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Төмөрбаатарт туслах хандивын аян зохион байгуулах болсон талаар “Пентатоник” академийн тэргүүн УГЗ Б.Долгион, МУГЖ Б.Дашдондог “Sweetymotion” хамтлагийн дуучин  Э.Ганболор, альтернатив Отгоо, нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Сүүлийн үед түүний амьдралд багагүй бэрхшээл тулгарч,  өөрийн гэсэн орон гэргүйгээс гадна эхнэр нь хүнд өвчтэй хэвтэрт байгаа аж.  Тиймээс урлаг соёлын одод түүнд зориулан “Цэцгийн баглаа” хандивын тоглолтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулахаар болжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр УГЗ Б.Долгион “Монголын нэрийг дэлхийд мандуулж явсан найзыгаа өнөөдөр ийм хэцүү амьдарч байгаад сэтгэл өвдөж байна. Цагтаа үзэгчдийг байлдан дагуулж явсан хүнээ зовсон үед нь бид мартах учиргүй. Өнөөдөр Х.Төмөрбаатар ганц ч CD гаргаагүй, 21 дууныхаа эхийг барьчихсан явна. Энэ хүний авьяас билгээр өчнөөн их баяр цэнгэлийг амсч явсан бол одоо зовсон үед нь хайртай дуучиндаа тусалцгаая” гэсэн юм.

Тоглолтонд МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ С.Жавхлан, МУАЖ А.Долгор, Төрийн шагналт Төрийн шагналт Д.Сосорбарам зэргээс гадна рок, поп, амьд хөгжмийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна. Эрхэм уншигчид та бүхэн хайртай дуучиндаа сэтгэлийн дэм хайрлаж, хандивын тоглолтонд зочлоорой. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here